Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын арми анх удаа Хонг Конгийн үймээний талаар байр сууриа илэрхийлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Хонг Конгод байрладаг Хятадын Ардын Чөлөөлөх Армийн (ХАЧА) гарнизоны захирагч анх удаа тус хотод болж буй үймээн самууны талаар байр сууриа илэрхийлжээ.

Өчигдөр ХАЧА-ийн 92 жилийн ойн хүлээн авалтын үеэр захирагч Чэн Даошин үг хэлэхдээ “бослого үймээн нь энгийн иргэдийн амьдрал, аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байгаа”-г онцлоод “Хонг Конгийн хөгжил дэвшил, тогтвортой байдлын төлөө тууштай зогсох”-оо илэрхийлсэн байна.

Тэр бас Хонг Конгийн захирагч Кэрри Ламыг тууштай дэмжихээ мэдэгдэж, хууль дүрмийг тогтоохоор эр зориг гарган ажиллаж байгаа Хонг Конгийн цагдаа нарыг магтжээ.

Энэ үеэр ХАЧА-ийн сүр хүчийг харуулсан видео бичлэг үзүүлсэн байна. Бичлэгт зэвсэгт хүчин нийгмийн хэв журмыг сахиулж байгаа дүрсийг үзүүлж, Бээжингийн албан ёсны хэл мандаринаар биш, Хонг Конгчуудын ярьдаг кантон хэлээр цэргүүд “Хийсэн үйлдлийнхээ бүх хариуцлагыг та зөвхөн өөрөө хүлээх болно” хэмээн хашхирч байгааг харуулсан байна.

Чэн Даошиний мэдэгдлийн өмнөх өдөр Хонг Конгийн шүүх 43 тэмцэгчийг үймээн самуун дэгдээсэн хэргээр яллаж, тэнсэнгээр сулласан юм.

АНУ-ын албаныхан Хонг Конгийн хил дагуу Хятадын армийн хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж байгаа тухай Блүүмбэрг суваг өчигдөр мэдээлжээ.

Аюулгүй байдлын шинжээчдийн дүгнэснээр ХАЧА-ийн захирагчийн хэлсэн үг Хонг Конгчуудын сэтгэл зүйд нөлөөлөх зорилготой суртал нэвтрүүлгийн дайны нэг хэсэг гэнэ.

Харин Хонг Конгийн дотоод хэрэг явдалд ХАЧА оролцох магадлал маш бага, Хятадын Коммунист Нам тус хотын нэр нөлөө, санхүүгийн төвийн статусыг хадгалах сонирхолтой гэж дүгнэжээ.

Гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцсэн тэмцлээс эхтэй үймээн сүүлийн найман долоо хоногийн турш Хонг Конгод үргэлжилж байна. Тэмцэгчид ойрын хоёр долоо хоногт дараалсан эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: The Guardian