Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Ойн албатай хамтран Ослын удирдлагын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлнэ

ikon.mn
2019 оны 8 сарын 1
iKon.MN
 

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян өчигдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Филип Шуан Лууг хүлээн авч уулзсан байна.

Дэд хурандаа Филип Шуан Луу нь 2019 оны 07 дугаар сараас Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын ахлах ажилтан болон Батлан хамгаалахын атташегаар ажиллаж байгаа юм.

Уулзалтын эхэнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын албыг бэхжүүлэхэд АНУ-ын ЭСЯ, Батлан хамгаалахын атташегийн газар болон Батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлтэс нягт хамтран ажиллаж байдагт талархал илэрхийлжээ.

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Ойн албатай хамтран Ослын удирдлагын нэгдсэн тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Батлан хамгаалахын атташегийн газрын харилцаа, хамтын ажиллагааны томоохон жишээ нь “Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах дасгал сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа байдаг. “Говийн чоно” дасгал сургууль нь жил ирэх бүр хамрах цар хүрээ, зохион байгуулагдаж буй арга хэмжээ, оролцогчдын тоо зэргийн хувьд байнга өсөн нэмэгдэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.