Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ламжав: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь хэн нэгнийг эрхлүүлэхэд зориулагдах ёсгүй

О.Ариунцэцэг, Өдрийн сонин
2019 оны 7 сарын 31
Өдрийн сонин
Зураг зураг

-Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл хоёрыг ҮАБЗ атгаж байх саналыг Ерөнхийлөгч оруулж ирсэн. Хүлээж авбал Казахстаны Назарбаевын араас орно гэсэн үг-

Шинэ Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутатын нэг Д.Ламжавтай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцлаа.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэж буй түүхэн цаг үе тохиож байна. Эцэг хуульдаа өөрчлөлт хийж, нийгэм цаг үетэйгээ нийцүүлэх боломж басхүү өндөр хариуцлага төрийн түшээд, ард нийтэд ногдож буй. Таны бодлоор бид зөв зүгт алхаж чадахаар байна уу?

-УИХ-ын 62 гишүүний санаачилсан 2019 оны зургаадугаар сарын 6-ны төслийн эхний хэлэлцүүлэг УИХ дээр болсны дараа Үндсэн хуулийг шинэчлэн найруулахыг удаа дараа албан ёсоор мэдэгдэж байсан Ерөнхийлөгч гэнэт долоодугаар сарын 16-нд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн бас нэг төслийг санаачлав.

Одоо Ерөнхийлөгчийн төслийг 62-ын төсөлтэй зохицуулах ажлын хэсгийг Ерөнхийлөгчөөр толгойлуулан, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг оролцуулан байгуулсан гэж албан ёсоор мэдээлсэн. Товчхон хэлбэл эрх зүйн хувьд амгалан тайван бус байдал үүсэж, энэ байдлыг зарим даврагчид ашиглахыг оролдож байна.

Үнэн нэг гарт байдаггүйг ухааран, болгоомжтой бөгөөд тууштай, илүү хариуцлагатай байхыг нөхцөл байдал шаардаж байна. Зөв зүгт алхах эсэх нь Үндсэн хуулиар бүрэн эрх олгогдсон УИХ, Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч, өмнө байгуулагдсан ажлын хэсгээс хамаарах болоод байна.

-Ерөнхийлөгч, УИХ хоорондын харилцаанд үүссэн хямралыг шийдэхийн тулд 2000 онд Үндсэн хуульд долоон нэмэлт, өөрчлөлт оруулсан. Бид тэдгээр өөрчлөлтүүдийг дордохын долоон өөрчлөлт гэж хоморголон муучилдаг. Та үүнтэй санал нийлдэг үү?

-Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан ойгоор, 2001 оны нэгдүгээр сарын 13-нд шиг санагдана, Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид АИХ-ын депутатуудын өмнө, Төрийн ордны Их танхимд энэ долоон өөрчлөлтийг хайр найргүй үгүйсгэн шүүмжлэхдээ тэдгээрийг “дордуулсан долоон өөрчлөлт” гэж нэрлэсэн юм.

1996-2000 онд УИХ-ын 76 суудлын 50-ийг авсан МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо эвсэл гурав дахь Ерөнхий сайдаа томилох болсон. Уг асуудлаас үүдэн цөөнхөөс нэр дэвшин сонгогдсон Ерөнхийлөгч, эвсэл хооронд маргаан үүссэн.

Энэ асуудлыг Үндсэн хууль маань шийдвэрлэж чадахгүй байсан. Нэгдсэн хуралдааны ирц 51 байснаас УИХ-ын ажиллагааг гацаах боломжийг цөөнхөд олгосон зэрэг явдал асуудлын зангилаа нь юм. Өнөөдрийн улс төрийн маргаанаас маргаашийн хууль төрнө гэгчээр тэр долоон өөрчлөлт орсон хэрэг. Энэ талаас нь долоон өөрчлөлтийг бүгдийг буруутган үгүйсгэх хууль зүйн үндэслэл байхгүй.

-Дордохын долоон өөрчлөлтийг хүчингүй болгосон Цэцийн тогтоол хүчин төгөлдөр байгаа гэж зарим хуульчид ч ярьж байна?

-Цэцийн энэ тогтоол ёсоор УИХ-д өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Цэцэд хүргэх, Цэцээс төслийн талаар ирүүлсэн саналыг хэрхэн үнэлэх нь Үндсэн хуулийн 68, 69 дүгээр зүйлд заасны дагуу УИХ-ын бүрэн эрхэд хамаарна. Харин долоон өөрчлөлт одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа.

-Долоон өөрчлөлтийн эргэн тойронд болсон үйл явдлаас олж авсан сургамж юу байна?

-Нэг чухал сургамж н ь Үндсэн хуулийн төслийг үндэслэл сайтай боловсруулах, нийгэмд ил тод, ергөн хэлэлцүүлэг явуулах явдал. Долоон өөрчлөлт хэрхэн орсныг эргэн санах нь өнөөдөр ч ач холбогдолтой.

1999 оны арванхоёрдугаар сарын 22-ны өглөө, УИХ дахь МСДН-ын бүлгийн дарга А.Ганбаатар “Урьд шөнө УИХ-ын дарга Р.Гончигдорж, МАХН-ын бүлгийн дарга Н.Энхбаяр хоёр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт дээр тохирсон байна” гэв.

Ингээд л МСДН-ын 15 гишүүнээс эхлэн төслийг дэмжин гарын үсэг зурах ажиллагаа хоёр өдрийн дотор нууцлаг байдлаар явагджээ.

24-ний өглөө нэгдсэн хуралдаан анхны хэлэлцүүлэг хийх үед УИХ-ын дарга “Цэцээс төлөөлөгч байна уу” гэж сурагласанд "Байхгүй гэсэн” хариу авч. Дарга ийнхүү Цэцийг саналгүй юм байна гэж үзсэн бололтой. Төслийг байнгын хороодоор хэлэлцэх болон нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэг 24-ний өдөртөө багтан дуусжээ.

Нэмэлт, өөрчлөлт оруулсан энэхүү арга нийгмийн зүгээс мэдээж ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан. Академич С.Нарангэрэл нарын зургаан иргэний өргөдлөөр Цэцийн дунд суудлын хуралдаанаас дээрх нэмэлт, өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн гэсэн 2000 оны гуравдугаар сарын 15-ны №03 дүгнэлт гарсан.

Гэсэн ч УИХ уг дүгнэлтийг хэлэлцэхгүй хав дарсаар УИХ-ын 2000 оны ээлжит сонгууль болж цөөнх байсан МАХН 72 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулав. Цэц 03 тоот дүгнэлтийнхээ хариуг УИХ-аас олон дахин шаардсаны эцэст УИХ 2000 оны долоодугаар сарын 28-нд уг дүгнэлтийг хэлэлцээд 62 ч билүү гишүүний саналаар дүгнэлтийг хүлээж аваагүй.Гэхдээ энэ шийдвэрээ хэлбэржүүлээгүй.

УИХ Цэцийн Үндсэн хууль зөрчсөн дүгнэлтийн эсрэг тогтоол гарган хэлбэржүүлбэл өөрөө бас Үндсэн хууль зөрчинө гэж тайлбарлаж байв. Цэц үүссэн нөхцөл байдлыг авч хэлэлцээд УИХ 03 тоот дүгнэлтийг зөвшөөрөөгүй байна хэмээн үзээд долоон өөрчлөлтийг 2000 оны арваннэгдүгээр сарын 29-ний №02 тогтоолоор хүчингүй болгосон.

Үүнээс 15 хоногийн дараа буюу 2000 оны арванхоёрдугаар сарын 14-нд УИХ нөгөө долоон өөрчлөлтийг яг тэр хэвээр нь нэг өдрийн дотор бүх хэлэлцүүлгийг амжуулан баталсан. Ерөнхийлөгч эсэргүүцсэн, цөөнхийн дөрвөн гишүүн үг хэлүүлсэнгүй хэмээн хурлыг хаяж гарсан.

Өмнөхөөс ялгаатай нь долоон өөрчлөлтийн төслийн талаар саналаа УИХ-д өргөн мэдүүлэх бололцоог Цэцэд олгосон байв. Ийнхүү Цэцийн дарга Жанцангийн гэх “чоно цатгалан, хонь бүрэн” гэсэн хэлц үг хэрэгжсэн юм.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Журмын тухай хуулийн хүрээнд хийнэ, хийхгүй гэсэн зөрөөтэй яриа их байна?

-Долоон заалттай холбоотой болж өнгөрсөн эдгээр үйл явдал ямар Үндсэн хуультайгаа ойлгоход тус болсон юм.

“Яах гэж нэмэлт өөрчлөлт оруулав” гэж зандрахаас өмнө “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт яагаад ийм амархан орчихов гэдэг дээр анхаарах нь танин мэдэхүйн илүү ач холбогдолтой.

Энэ нь Үндсэн хуулийн хамгаалалтыг дотор нь хүрэлцэх хэмжээнд хийж өгөөгүйтэй холбоотой юм. Энэ алдааг засах зорилгоор Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн боловсруулсан “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль”-ийн төслийг УИХ 2010 оны арванхоёрдугаар сарын 23-нд баталсан.

Журмын тухай энэ хуультай холбоотой хоёр асуудал байдаг. Нэгдүгээрт Үндсэн хуулиас давсан хэт хатуу дэг тогтоосон гэдгийг албан ёсны судалгаагаар тогтоосон байдаг Хоёрдугаарт, жирийн хууль учраас УИХ түүнд өөрчлөлт оруулах амархан.

Иймээс хамгаалалтыг Үндсэн хууль дотор нь хийх илүү зохистой Үндсэн хуулийг шинэчлэн найруулах, Журмын тухай хуулийн хүрээнд өөрчлөх огт өөрчлөхгүй гэсэн нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн гурван хандлага нийгэмд байна. Эхний хандлагыг үгүйсгэх зарчмын шалтгаан байхгүй боловч хуулийн процессын хувьд одоогоор хийгдсэн алхам байхгүй. Гурав дахь нь нийгэм өөрт тулгарсан асуудлаа өөрөө шийдэх зарчимд нийцэхгүй.

Хоёр дахь хандлагын хувьд УИХ-ын сүүлчийн гурван бүрэлдэхүүн тус бүр хуулийн процессыг эхлүүлсэн бөгөөд төслүүд нь хоорондоо давхцал ихтэй, улс төрийн хүрээнд нөлөө бүхий байсан, байгаа намууд оролцсон гэдэг утгаараа хүлээн зөвшөөрөгдөх давуу талтай. Үүнээс гадна энэ удаагийн 62 гишүүний төсөл нь УИХ-ын эхний хэлэлцүүлэг хийж чадах хүртэл урт замыг туулчихсан байна.

Үндсэн хууль маань 70 зүйлтэй. Журмын тухай хуульд зааснаар 35 хүртэл зүйлийг хөндөж болно.

Иймээс байгаа гажиг бүрийг энэ удаа залруулах боломжгүй байна. Би шинэчилсэн найруулга хийхийг дэмждэг боловч үүсээд байгаа нөхцөл байдлыг ойлгон олдсон боломж, олон хүний хүч хөдөлмөрийг үрэн таран хийчихгүй зөв алхам хийгээсэй гэж хүсдэг.

-УИХ-ын 62 гишүүний өргөн бариад буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тэдгээр долоон өөрчлөлтүүдийг хөндөж байгаа. Xэр оновчтой зохицуулалтууд тусгагдсан гэж үзэж байгаа вэ?

-Жишээлбэл, ирцийг нийт гишүүний олонх байх, энэхүү гишүүдийн олонх хууль баталдаг байсныг нийт гишүүний олонхоор хуулийг батлах гэж 62 гишүүний төсөлд тусгасан. Энэ нь хуулийн хүлээн зөвшөөрөгдөх байдлыг дээшлүүлнэ.

Засгийн газар УИХ-ын гишүүдээс зуун хувь бүрдэж болохыг Ерөнхий сайдыг оролцуулан Засгийн газрын тав хүртэлх сайд УИХ-ын гишүүн байж болох хязгаарлалт хийсэн. Ингэснээр УИХ болон Засгийн газар хоорондох харилцааг илүү зохистой болгоно.

-УИХ улсын төсвийн төслийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зарлага нэмэгдүүлэх, зарлагын шинэ төрөл үүсгэхийг хориглохоор тусгагдсан. УИХ төсөв батлах үндсэн үүргээсээ ухарлаа гэх шүүмжлэл уг зохицуулалтыг дагаж байгаа?

-Хууль санаачлах бүрэн эрхийг туйлшруулан хэрэглэх нь хариуцлагагүй байдлыг өдөөдөг бололтой. Боловсруулсан төсвийг УИХ дээр самарчихдаг байвал Засгийн газар, түүний Сангийн яамны төсөв боловсруулах идэвх зүтгэлд муугаар нөлөөлнө.

Ялангуяа сонгуулийн тогтолцоонд мажоритар суудлын тоо давамгайлж байвал тойрогтоо хөрөнгө татах явцуу сонирхол дийлж, хөрөнгийг төвлөрсөн байдлаар зарцуулах хөгжлийн бодлогод хохирол учрах эрсдэлтэй. Гишүүний тойрогт 10 сая төгрөгөөс эхлэн 250 сая, бүр сүүлдээ найман тэрбум төгрөг ч билүү хуваарилдаг практикаар сөрөг нөлөө нь нотлогдсон зүйл.

Харин сонгуулийн холимог тогтолцоогоор гарсан 2012-2016 оны үед гишүүний гэсэн утгаар тойрогт мөнгө хуваарилаагүй гэж УИХ-ын экс дарга З.Энхболд хэлсэн. Харин УИХ хяналтын бүрэн эрхээ хэрэгжүүлэх нь чухал. 62-ын төсөл дэх энэ санал чухал ач холбогдолтой.

-Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэхийн зэрэгцээ үүрэг хариуцлагыг нь тодорхой болгож байгаа. Гэхдээ хэт их эрх мэдэл төвлөрүүлэх нь зөв эсэхэд эргэлзэж буй хэсэг ч байна.

-Хэт их эрх мэдэл төвлөрүүлсэн санал төсөлд байхгүй. Ерөнхий сайдад сайд нараа өөрөө мэдэж томилох, өөрчлөх бүрэн эрхийг олгоно гэж 62-ын төсөлд тусгасан. Одоо мөрдөж буй Үндсэн хуульд энэ томилгоог УИХ хийж байгаагаас гадна бас Ерөнхийлөгчөөс ямар нэг байдлаар хамаарч байгаа. Парламентын засагтай улсад Ерөнхий сайдыг парламент дахь олонх мэдэж томилдог, бусад сайдыг өмнө хэлсэн байдлаар томилдог нь ардчилсан улсуудын хувьд нийтлэг зарчим.

-Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгоно гэж байна. Энэ нь үе үеийн Ерөнхийлөгчдөд дахин төрийн тэргүүн болох боломжийг нээж өгөх үү?

-Яригдаж буй нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр заасан боловч Ерөнхийлөгчийг сонгох төслийн заалтыг 2025 оны сонгуулиас эхлэн дагаж мөрдөхөөр сугалж авч заасан.

Энэ нь одоогийн Ерөнхийлөгчийг 10 жил суучих вий гэж болгоомжлоод байгаа юм шиг зохисгүй уншигдаад байна. Экс Ерөнхийлөгчдийн хувьд нээж өгөх боломж гарахгүй. Учир нь Үндсэн хуулийн 31.7-д “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно” гэж заасан ёсоор экс Ерөнхийлөгчийн нэр дэвших эрх, бусдад боломж олго гэдэг шиг хаагдаж байгаа юм.

Дагаж мөрдөхтэй холбогдсон заалтууд хамгийн сүүлд хавсралт маягаар батлагдах тул одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 62-ын төсөлд хэрхэн хандахаас хамааруулан 2021 эсвэл 2022 онд нэг мөр дуусгахаар зааж болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь хэн нэгнийг эрхлүүлэхэд зориулагдах ёсгүй.

-Гишүүдийн өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Шүүхийг хараат бус хариуцлагатай болгох нөхцөлийг бүрдүүлэхүйц тодорхой заалтууд тусгагдсан. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд Шүүхийн сахилгын хороог бий болгоно гэх зэрэг саналууд тусгагджээ. Та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн төсөл болон Ардчилсан намын саналд тусгагдсан шүүхийн тогтолцооны талаарх илүү чухал зүйлийн талаар ярья. 48.1 заалтыг “Шүүхийн үндсэн тогтолцоо анхан шатны, давах шатны, хяналтын шатны шүүхүүдээс бүрдэнэ.

Улсын дээд шүүх нь хяналтын шатны шүүх байна” гэсэн санааг хүлээн авч нэмэлт, өөрчлөлтөд тусгах нь зүйтэй. Энэ асуудал дээр УДШ, ШЕЗ үндсэндээ санал нэгдэж байгаа бөгөөд шүүхийн хараат бус байдлыг хангах зүгт чухал алхам болно.

-Ерөнхийлөгчийн гишүүдийн тоог 108 болгон 50 хувийг нь нэг мандат бүхий сонгуулийн тойргоос мажоритар, мөн 50 хувийг сонгуулийн нэгдсэн нэг тойргоос пропорциональ тогтолцоогоор сонгоно гэх саналыг та дэмжиж байгаа юу?

-Гишүүдийн тоог нэмэхийн тулд элдэв онол хүртэл гаргах юм. Төлөөллийг хангахын тулд парламентын гишүүдийн тоо хүн амын тооноос куб язгуур авсантай ойрхон байдаг гэнэ. Өндөр хөгжилтэй орнуудад ийм.

Харин хөгжих гэж байгаа орнуудын хувьд хүн амын идэвхтэй хэсгийн тооноос куб язгуур авлаг гэж хөгжүүлсэн байх юм. Иймэрхүү мэхийг шинжлэх ухаанаар сүрдүүлэх гэвэл үнэнд илүү ойртоно.

Эхлээд 76-гаа хуралдуулж сурчихаад дараа нь 99, 108-ын тухай ярьсан нь дээр байх. Бидэнд 35 зүйлийг хөндөх эрх байгаа, үүний оронд илүү чухал зүйлийг оруулахыг бодсон нь дээр. Харин УИХ-ын сонгуулийг пропорциональ суудлын тоо давамгайлсан, нэг мандат бүхий тойргуудаар санал хураах холимог тогтолцоогоор явуулсан нь дээр.

Сонгогчдод ойлгомжтой. Намын жагсаалтыг сонгогчдоор тогтоолгох нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсэг дээр, саналын хуудсууд хог мэт хөглөрөн хаягдахаас эхлэн лидерүүдэд санал сорогдох зэрэг зохисгүй бэрхшээл үүсгэнэ.

-Байгалийн баялаг, түүнийг өмчлөх асуудлууд дээр янз бүрийн саналууд гарч байна. Зөв зүйтэй гаргалгаа нь юу вэ?

-Үндсэн хуулийн 5.2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэсэн байтал 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гээд заачихсан.

Төрийн өмч нийтийн, хувийн хоёрын аль хэлбэрт хамаарах вэ гэхээр иргэний хуульд нийтийн өмчийн нэг хэлбэр гэсэн байгаа гэж тайлбарладаг. 46.2-т “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана” гэсэн байдаг.

Ингээд төр өмчтэй, өөрийн гэсэн ашиг сонирхолтой боллоо. Одоо төр хуулийн этгээд шиг авирлахад дутах юм алга гэсэн хардлагыг төрүүлдэг. Хэчнээн тайлбарлах гэж оролдоод ч нэмэргүй. Ер нь хуульд жижиг боловч орон зай олдвол хүн түүнийг өөрт ашигтайгаар ашигладаг муу зантай.

Иймээс “төрийн өмч мөн” гэснийг “төрийн өмч мөн бөгөөд төрийн өмч нь нийтийн өмчийн онцгой хэлбэр мөн” гэж, “төрийн ашиг сонирхолд” гэснийг “нийтийн ашиг сонирхолд” гэж өөрчлөх боломжтой. 6.2 заалтыг сонгуулийн сурталчилгааны шинжтэй гоё үгсээр шавах хэрэггүй.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг ҮАБЗ, Үндэсний хөгжлийн газар батламжлах тухай зохицуулалт Ерөнхийлөгчийн төсөл, саналд бий. Ард нийтээр дэмжигдэж, зөвшөөрөл авчихсан мөрийн хөтөлбөрийг Ерөнхийлөгч шүүх нь зөв үү?

-Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хоёр салааг ҮАБЗ атгаж байх саналыг Ерөнхийлөгч 39-дүгээр зүйлд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр санаачилсан. Энэ саналыг хүлээн авбал Казахстаны Назарбаевын араас орно оо гэсэн үг.

-Нутгийн удирдлагын тогтолцоонд орж буй өөрчлөлтүүдийн тухайд ямар байр суурьтай байгаа вэ?

-Төв удирдлагыг нутагт хүргэх, нутгаас хариу мэдээ авах, өөрөөр хэлбэл, төв удирдлагыг нутагтай холбох зорилгоор улсын нутаг дэвсгэрийг нутаг дэвсгэрийн нэгжид хуваадаг.

Нутаг дэвсгэрийн нэгж дээр энэхүү холбоог хэрэгжүүлэх засаг захиргааг байгуулдаг. Нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжид хуваагдах ойлголт байх ёсгүй. Байдаг гэж үздэг хүн байвал Хөвсгөл нуур дээр байрлаж байгаа засаг захиргааг нэрлэх гээд үзээрэй. Хуульд зохисгүй үг хэллэг хэрэглэснээс, сохроор дагаж хошуурснаас болж бөөн будилаан болох юм.

Нутаг дэвсгэрийн нэгж дахь хот, тосгоныг Үндсэн хуулиар зөвшөөрсөн. Хавсралт хуулиар даалгасан зохицуулалтыг Засгийн газар, УИХ хийгээгүй өнөөдрийг хүрснээс дараагийн будилаан эхлээд байна.

Аймгийн газар нутгаас таслан авч бие даасан хот байгуулах нь хоёуланд нь хохиролтой зөрчил үүсгэж байсан. Тиймээс Үндсэн хуулиар нийслэл Улаанбаатараас өөр нутаг дэвсгэрийн нэгж болдог хот байхыг зөвшөөрөөгүй. Аймаг дахь хотод хил хязгаар хатуу тогтоодоггүй, хэн хэндээ тус дэм болон амьдардаг.

Энэ байдлыг эс анхааран зарим гишүүн Эрдэнэт, Дархан хотыг нутаг дэвсгэрийн нэгж болгон тасдах санал оруулчихаад байна.

Ерөнхийлөгчийн зүгээс ч энэ талаар бүр муу төслийг санал болгосон. Эрдэнэтийг Булган аймаг дахь, Дарханыг Сэлэнгэ аймаг дахь хот байхаар зохицуулах нь аль алиных нь хөгжил дэвшилд илүү зохистой.

Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Эрдэнэт хот Булган аймгаас, Дархан бас Сэлэнгээс бололтой авах ёстой газраа одоо хүртэл авч чадахгүй байна хэмээн удаа дараа мэдэгдлээ. Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэдэг шиг юм болж байна. Ийм байдлаар хот тасдаж авахыг цаашид зөвшөөрөөд байх уу. Дараагийн хохирогч нь Өмнөговь, Оюу толгой болох уу. Энэ мэтээр цааш тасдуулаад байх уу.

Энэ бол нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал. Хархоринг нийслэл болгох гэнэ. Хамаагүй хөөрцөглөж байж ядарсан улсаа тараачих вий.

Хот тасдах, Хархоринд нийслэл байгуулах зэрэг санал нь дараачийн сонгуулийн пиараас үл хэтрэх, улс төрийн явцуу сонирхлоос үүдэлтэй тул элдэв шантаажид эс автан, нийт ард түмний элчийн үүргээ биелүүлэхийг УИХ-ын гишүүдээс хүсэх байна.

Ойлгомжтой байх үүднээс өөрийн байр суурийг шуудхан илэрхийлсэн явдлыг минь уучлаарай. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт амжилттай болох болтугай.

Зураг