Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосчууд Италийн Ювентус багт эсэргүүцлийн захидал илгээжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын мэргэжлийн хөлбөмбөгийн дээд байгууллага K League өнгөрсөн долоо хоногт Сөүлд үзүүлэх тоглолт хийсэн Италийн Ювентус багт эсэргүүцлийн захидал илгээснээ өнөөдөр мэдэгджээ.

Италийн аварга багтай Өмнөд Солонгосын лигийн бүх оддоос бүрдсэн баг Баасан гарагт нөхөрсөг тоглолт зохион байгуулсан юм.

Энэ үеэр италичууд хариуцлагагүй, дээрэнгүй зан гаргасан нь солонгосчуудыг гонсойлгожээ.

Тухайлбал тоглолт оройн 8:00 цагт эхлэх байсан бол Ювентус багийнхан 8:15 цагт стадионд ирж, тоглолт товлосон хугацаанаасаа нэг цагийн хойно эхэлсэн байна.

Тоглолтыг үзсэн 63,000 хөгжөөн дэмжигч Ювентусын од Криштиану Роналдуг талбайд ганц ч удаа гараагүйд сэтгэл дундуур буцацгаажээ. Роналду арав гаруй жилийн дараа анх удаа Сөүлд ирж байгаа тул түүний тоглолтыг үзэх гэсэн хүмүүс олон байсан юм. Тоглолт 90 минутын турш үргэлжилж, 3:3 харьцаатай өндөрлөсөн байна.

Үүнээс гадна Ювентус баг тоглолтын цагийг богиносгох шаардлагыг зохион байгуулагчдад тавьж, зөвшөөрөхгүй бол талбайд гарахгүй гэж сүрдүүлсэн гэнэ.

“Гэрээгээ зөрчиж, Роналдуг тоглуулаагүй Ювентус клубт бид эсэргүүцлийн захидал илгээсэн” гэж K League-гийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Тэд захидлаа бас Италийн Serie A мэргэжлийн хөл бөмбөгийн лиг, Азийн Хөлбөмбөгийн Холбоонд тус тус илгээж, гомдол гаргажээ.

Роналдуг хамгийн багадаа 45 минут талбайд тоглуулах гэрээг Ювентусыг зуучилсан “The Festa” агентлагтай Өмнөд Солонгосын лиг байгуулаад байсан гэнэ. 

Тиймээс хохирлын хэмжээг тооцоолсны дараа “The Festa” агентлагаас нэхэхээр K League ажиллаж эхэлсэн байна.

Үүнээс гадна Роналдугийн тоглолтыг үзэж чадаагүй 2,000 гаруй хөгжөөн дэмжигч тасалбар худалдаж авсан мөнгөө буцааж авахаар шүүхэд ханджээ. Тасалбарын үнэ 30,000-400,000 ($25-$338) воны хооронд байсан бөгөөд Роналдуг тоглох тухай сурталчилгааны дараа ердөө 2.5 цагийн хугацаанд зарагдаж дууссан юм.

 

Эх сурвалж: Yonhap News