Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Найман настай хүүг Африк цагаач галт тэрэгний зам руу түлхсэн хэрэг Германд гарчээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагийн өглөө Германы Франкфурт хотын хамгийн их ачаалалтай төмөр замын өртөөнд нэгэн эмгэнэлт хэрэг гарчээ.

Нэг этгээд тус өртөөнд зорчиж явсан найман настай хүүг ээжийнх нь хамт галт тэрэг ирж байгаа төмөр зам руу түлхэн унагасан байна. Хүү тэр дороо галт тэргэнд дайруулж амиа алдсан бол ээж нь амьд гарчээ.

Гэмт этгээдийг зугтахад нь өртөөнд байсан зорчигчид хөөж бариад цагдаад хүлээлгэн өгсөн байна. Санаатай аллага үйлдсэн этгээд нь 40 настай, Африкийн Эритрей улсаас ирсэн цагаач болохыг цагдаа нар тогтоосон байна.

Гэмт этгээд болон хохирогчид хоорондоо танил биш байсныг бас мэдээлжээ. Хэргийг үйлдэх болсон шалтгаан тодорхой болоогүй байна.

Энэхүү явдлын дараа Франкфуртын өртөөний зургаан зогсоолыг хэдэн цагийн турш хаажээ.

Дөнгөж ес хоногийн өмнө 34 настай эмэгтэйг нэг этгээд бас төмөр зам руу түлхэж амийг нь хөнөөсөн хэрэг Германы умард Райн-Вестфаль мужид гарсан юм.

Хэргийг үйлдсэн 28 настай эрэгтэй Косовогийн Серби гаралтай цагаач байжээ. Тэр мөн хохирогчийг таньдаггүй байсан бөгөөд одоо болтол мөрдөн байцаагчдын асуултад хариулахаас татгалзаж байгаа гэнэ.

Дараалан гарсан хэргүүдийн улмаас Германы цагдаагийн газар төмөр замын өртөөнд явахдаа сэжигтэй хүмүүсээс хол байх, тавцангийн ирмэгээс доод тал нь хоёр метрийн зайтай зогсохыг иргэдэд анхааруулсан байна.

Тус улсын хэт барууны үзэлтэй AfD (Alternative für Deutschland) нам энэ хэргийг сүүлийн жилүүдэд цагаачдыг хэт олноор хүлээж авсан эрх баригчдын буруу бодлоготой холбон шүүмжилжээ. AfD намын парламентын бүлгийн дарга Алис Вэйдел "Ийм жигшүүртэй хэргийг тэвчих арга алга. Засгийн газар иргэдээ хамгаалах арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй" гэж твиттер хуудсандаа бичсэн байна.

 

Эх сурвалж: AFP