Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Францын ерөнхийлөгчийн “тэнэг үйлдэл”-д хариу цохилт өгөхөө амлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Франц улс АНУ-ын технологийн компаниудаас “дижитал татвар” авахаар болсон нь ерөнхийлөгч Дональд Трампыг бухимдуулжээ.

Тэрээр өчигдөр твиттер хуудсандаа “Хэрвээ эдгээр компаниудаас татвар авах бол зөвхөн АНУ авах ёстой. Бид удахгүй Макроны тэнэг үйлдлийн эсрэг хариу арга хэмжээ авах болно” гэж бичсэн байна.

Өчигдөр Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон технологийн аварга компаниудаас 3 хувийн татвар авах хуулийг баталсан юм.

Өнгөрсөн нэгдүгээр сараас нөхөж үйлчлэх энэ хуулийн дагуу Фэйсбүүк, Амазон зэрэг компаниуд Францын зах зээлээс олж буй орлогоосоо жилд 25 сая орчим еврогийн татвар нэмж төлөхөөр байгаа ажээ.

Нийтдээ 30 орчим компани энэхүү татварын хуулинд хамрагдаж байгаагийн дийлэнх нь АНУ-ын компаниуд байна.

Өнгөрсөн сард Дональд Трамп АНУ-д татваргүй орж ирдэг Франц дарсны эсрэг арга хэмжээ авахаа амлаж байв.

Америкт үйлдвэрлэсэн дарс Францад татвартай нэвтэрдэг явдлыг тэр шударга бус харилцаа гэж мэдэгдсэн юм. Өчигдөр Трамп өөрөө хэдийгээр дарс хэрэглэдэггүй боловч Америк дарс Франц дарснаас илүү амттай гэж твиттер хуудсандаа бичсэн байна.

Тиймээс тэр Францын эсрэг хариу арга хэмжээ авахдаа дарсны бизнест анхаарлаа хандуулах бололтой.

2018 оны Европын Холбооны тоо баримтад өгүүлснээр дэлхийн хэмжээний технологийн компаниуд энэ тивийн улсуудад дунджаар 9.5 хувийн татвар төлдөг нь уламжлалт бизнес эрхлэгчдийн төлдөг 23.2 хувийн татвараас хамаагүй бага байгаа юм.

Франц улс Европын Холбооны улсуудаас анхдагч болж дижитал татварын хуулийг баталж байна. Британи, Герман зэрэг улсууд ижил төстэй арга хэмжээ авах талаар төлөвлөж байгаа юм.

Францын засгийн газар Европын Холбоонд бүхэлд нь дижитал татвар нэвтрүүлэх санал гаргаж байсан ч Швед, Финланд, Дани, Ирланд улсууд эсэргүүцэж байжээ.

Ийнхүү Атлантын далайг дамнасан Америк-Европын түншлэлд бас нэг маргаан үүсч байна.

 

Эх сурвалж: AFP