Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп баривчлагдсан рэпперийг суллуулахаар Шведийн засгийн газрыг дахин дарамтлав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Шведэд тоглолт хийхээр очоод бусдын биед халдаж, зодсон хэрэгт холбогдон саатуулагдаад байгаа рэппер A$AP Rocky-ыг суллуулах ээлжит оролдлогоо АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хийжээ.

Рэп од зургаадугаар сарын 30-ны өдөр Стокгольм хотын гудамжинд бусадтай маргалдаж, зодолдсон нь сошиал сүлжээнд тарсан видео бичлэгээр батлагдсан юм. Улмаар долдугаар сарын 3-наас хойш тэр хоригдож байгаа.

Өчигдөр Шведийн прокурорууд түүнд бусдын бие махбодод халдсан хэрэг тулгаснаа зарлаж, шүүх хурал долдугаар сарын 30-нд болохыг мэдэгджээ. Рэп од шүүх хурлыг хүртэл хорионд байх юм.

Өнгөрсөн долоо хоногт Дональд Трамп Шведийн ерөнхий сайд Стефан Лофвентай утсаар ярихдаа A$AP Rocky-ыг хувиараа батлан дааж суллуулах санал тавьсан юм.

Гэвч Шведийн тал хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх боломжгүй гэдгээ хариу мэдэгдсэн.

Өчигдөр орой Дональд Трамп твиттер хуудсандаа баривчлагдсан рэпперийг суллахыг дахин шаарджээ. “A$AP Rocky-д эрх чөлөөг нь өг! Швед улсын төлөө бид ихийг хийсэн ч өнөөдөр үр дүнгээ өгөхгүй байна. Швед улс өөрийнхөө жинхэнэ гэмт хэргийн асуудалд анхаарлаа хандуулбал зохино!” гэж тэр бичсэн байна.

Трампаас гадна Жастин Бибер, Ким Кардашян, Кэни Уэст, Ники Минаж зэрэг урлаг соёлын алдартнууд A$AP Rocky-ыг суллуулахаар тэмцэж байгаа юм.

Рэпперийн өмгөөлөгч түүнийг түрүүлж бусдын халдлагад өртсөн, аргагүй хамгаалалт хийсэн гэж мэдэгдээд байна.

 

Эх сурвалж: BBC