Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад 118 хүүхэд үрчилж авсан эмэгтэй 20 жил хорих ял сонсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Нийт 118 өнчин хүүхдийг үрчлэн авч, буяны үйлсээрээ гайхагдаж байсан 54 настай эмэгтэйд Хятадын шүүх бусдыг луйвардаж, сүрдүүлж, нийгмийн дэг журам алдагдуулсан хэрэг тулган 20 жилийн хорих ял оноожээ.

Ли Яншягийн шүүх хурал өнгөрсөн Лхагва гарагт Хэбэй мужийн Уань хотын шүүх дээр болсон байна.

Хорих ялаас гадна 2.67 сая юаний ($388,000) торгууль төлүүлэх шийдвэр гаргажээ.

Ли Яншягийн найз эрэгтэйд 12.5 жилийн хорих ял, 1.2 сая юаний торгууль ноогдуулсан байна. Холбоотой бусад 14 хүнд тус бүр дөрөв хүртэл жилийн хорих ял оноожээ.

Ли Яншя анх 2006 онд олон тооны өнчин хүүхэд үрчлэн өсгөж байгаа сайхан сэтгэлтний дүрээр алдаршсан юм. Ганц хүүгээ хүний наймаачдад алдсан учраас бусдын хүүхдийг өсгөхөөр шийдсэн гэж тэр тухайн үед хэвлэлд ярьж байжээ.

Төрөлх тосгондоо өнчин хүүхдийн асрамжийн газар байгуулсан Лигийн үрчилж авсан хүүхдийн тоо 2017 онд 118 хүрээд байв.

Үүний дараа орон нутгийн захиргаанд Ли хатагтайг асар их баяжиж байгаа тухай мэдээлэл иргэдээс ирэх болжээ. 2018 оны тавдугаар сард цагдаа нар түүний данснаас 20 сая юань, $20,000 илрүүлж, Мерседес Бенц, Ланд Роверс зэрэг үнэтэй автомашинууд эзэмшдгийг нь баталсан байна.

Ли Яншя өргөж авсан хүүхдүүдээ ашиглан луйвар, бусдыг айлган сүрдүүлэх үйл ажиллагаа явуулдаг байжээ. Тухайлбал барилгын талбайд хүүхдүүдээ оруулж, ачааны машины урдуур хойгуур гүйлгэн ажлыг нь зогсоодог, үүнийхээ дараа барилгын компанийг сүрдүүлж, мөнгө нэхдэг байсан гэнэ.

Бас өнчин хүүхдүүдийн асрамжийн газар байгуулах нэрийн дор их хэмжээний хөрөнгө мөнгө хандиваар цуглуулсныг хувьдаа ашиглаж байжээ.

Ли Яншяг баривчлах үеэр 74 хүүхэд түүнтэй хамт байсан ба тэднийг засгийн газрын харьяа халамжийн төвүүдэд шилжүүлсэн байна.

 

Эх сурвалж: BBC