Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд "нийслэлийг хотод хуваана" гэжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгээс зохион байгуулж буй Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдөр “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдвээр өнөөдрийн хэлэлцүүлэг өрнөж байна. 

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолоор байгуулсан Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, УИХ-ын Д.Дамба-Очир, З.Нарантуяа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Тамгын газрын бусад удирдлагууд, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн ахлагч, гишүүд оролцож байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газраас хамтран зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон 21 аймгаас 38, нийслэлийн есөн дүүргээс 16 оролцогч, түүнчлэн зарим сум, баг, хорооны төлөөллүүд, мөн улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг 200 гаруй хүн оролцохоор хүсэлтээ ирүүлснээс хэлэлцүүлгийг нээлтэд 120 гаруй нь хүрэлцэн ирээд байгааг хэлэлцүүлгийг даргалагч танилцуулав. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй нь” сэдэвт хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ “УИХ-аар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох” чиглэлээр тодорхой зохицуулалтууд тусгагдсан. Тухайлбал, “зарим Засаг даргаа сонгох эрхийг иргэдэд өгөх, хот байгуулах боломжийг нэмэгдүүлэх” зэрэг ач холбогдол бүхий зохицуулалтууд тусгагдаад байна.

Миний зүгээс “нийслэлийг онцгойлон авч үзэж доторх зохион байгуулалтыг нь тусгайлан хуульчлах, Монгол Улсын нутаг дэвсгэрийг засаг захиргааны хувьд хуваан үзэхдээ хотыг нэмэх, аймаг, хот, нийслэл, сум, дүүргийн болон тосгоны эрх зүйн үндсийг тус бүрийнх нь онцлогт тохируулан тусгайлсан хуулиудаар тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг үндэслэн гаргасан Засгийн газрын саналаар УИХ” зэрэг нэгдмэл улсын зарчмыг бэхжүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой хууль эрх зүйн болон ойлголт, амьдралд учирч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, хаана оршин суугаагаасаа үл хамааран төрөөс тэгш үйлчилгээ авах нөхцөл боломжийг бүрдүүлэх ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна” гэлээ.

Хотын эрх зүйн байдлын тухай хуулиар “Нийслэлийн хот” болон Аймгийн хэмжээний хотын ялгааг тусгайлан зохицуулна 

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын танилцуулгаар үргэлжиллээ. 

Тэрбээр танилцуулгадаа “Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот” гэж заасан байдаг. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналд үүнийг 13.1.-д Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэж үзэх бөгөөд нийслэл нь хотод, хот  нь дүүрэгт хуваагдана. Нийслэлийн хотын дүүргүүдийг хороонд хуваана гэж өөрчилсөн. Үүний үндэслэл шалтгаан нь хэрэв Хархорум хотыг нийслэл болгон шилжүүлэхээр болбол Үндсэн хуульд Улаанбаатар гэж нэр заасан учир уг хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсэх учир тухайлсан нэр заах шаардлагагүй гэж Ерөнхийлөгч үзсэн” гэв. 

Мөн  Үндсэн хуульд Монгол Улсын  нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана гэж заасан байсныг өөрчилж хот гэдэг статусыг нэмэхийг Ерөнхийлөгч санал болгосон гэж байлаа. Өнөөдөр Эрдэнэт, Дархан-Уул аймгууд, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хүн ам 300 гаруй мянгаас хол давсан тул Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хотын хөгжлийн цаашдын асуудлыг зохицуулах шаардлагатай гэж байлаа.

Үүнтэй уялдуулан  Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа Хотын эрх зүйн байдлын тухай хуулиар  “Нийслэлийн хот” болон Аймгийн хэмжээний хотын ялгаа, онцлог байдлыг тусгайлан зохицуулах, тус хуулиар нийслэлийн хотын дүүрэг нь хорооны зохион байгуулалтад зохицуулалт хийж, хороонд хувааж болно гэв.  

 

Дараа нь УИХ-ын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох талаар төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцууллаа.

Тэрбээр танилцуулгынхаа өмнө Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хөндсөн багц сэдвийн дундаас хамгийн ярвигтай, эцсийн хариу нь гардаггүй нь орон нутгийн засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоо, тэр дундаа хотын асуудал байсныг онцолсон.

Монгол Улс яагаад хоттой байж болдоггүй юм бэ гэсэн асуултыг тавихаар иргэд, судлаачдын санал, байр суурь үргэлж зөрүүтэй байдаг. Өмнөх парламентын гишүүдийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хувилбарт Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот гэж нэр зааж өгсөн байдаг. Бид шинэ хот бий болгох үүднээс нэр заалгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулахаар тусгаж өгсөн гэж байлаа. 

Мөн одоо хэлэлцэгдэж буй хуулийн төслийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм.  

АН Ерөнхийлөгчийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв 

Үргэлжлүүлэн АН-ын нарийн бичгийн дарга Д.Оросоо УИХ-ын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаар АН-ын зөвлөлийн саналыг танилцуулсан. 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын 13.1. 57.1, 59.3 60.4 дэх заалтыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ засч сайжруулах, анхаарах зүйл байна гэж байлаа.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн төслийн 13.1.-д Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэж үзэх бөгөөд нийслэл нь хотод, хот  нь дүүрэгт хуваагдана гэж тусгасанд төрийн дээд байгууллагууд бус парламент нь байнга оршдог хотыг Улсын нийслэл гэж үзнэ гэж томьёолох нь зүйтэй гэж үзэж байв. Учир нь  нийслэл хот  шилжих, хот тэлэх нөхцөлд төрийн дээд байгууллагууд өөр газар, нутагт оршин байх тул парламент нь оршдог гэж  томьёолох нь зүйтэй гэж байлаа.

Мөн 59.3-т Аймаг, хот, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлыг таван жилийн хугацаагаар сонгоно. Эдгээр Хурлын болон сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хуулиар тогтооно гэснийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Гэхдээ сонгуулийн үр дүнд байгуулагдсан Хурлын төлөөлөгчдийн олонх Засаг даргын Тамгын газар, төрийн өмчит компанийн захирал болж, засгийн газрын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч, Засаг даргаа хамгаалагч болж хувирдаг. Иймд аймаг, сумын Төлөөлөгчдийн хурлын гишүүдийн тодорхой хувийг төрд ажиллуулах хязгаар тогтоож өгөх нь зүйтэй гэдгийг онцолсон.

Түүнчлэн орон нутгийн иргэдийн төлөөлөл хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.