Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын шатахуун түгээх газрууд Япон машинд үйлчлэхээс татгалзаж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Зүүн Азийн хоёр хөршийн хооронд улс төр, худалдааны зөрчил маргаан нэмэгдсэнээс Өмнөд Солонгосын шатахуун түгээх газрууд Япон үйлдвэрийн автомашинтай хүнд үйлчлэхгүй байна.

Мөн авто зогсоолуудын зарим нь Японы үйлдвэрийн машиныг оруулахгүй, засварын газрууд үйлчлэхгүй байгааг мэдээлжээ.

Өнөөдөр Сөүл дэх Японы элчин сайдын яамны гадна эсэргүүцлийн цуглаан болсон бол Японы бараа бүтээгдэхүүнээс татгалзах хөдөлгөөн сүүлийн өдрүүдэд эрчимжжээ.

Долоодугаар сарын 1-ний өдөр Токиогийн засгийн газар хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд ашиглагддаг химийн материалыг экспортлоход тавих хяналтыг чангатгах шийдвэр гаргасны дараа Японы эсрэг хөдөлгөөн Өмнөд Солонгост эхэлсэн юм. Өмнөд Солонгосын дээд шүүх дайны үеэр боолчлогдож байсан иргэдэд Японы компаниудаар нөхөн олговор төлүүлэх шийдвэр гаргасны дараа Японы тал ийм хариу арга хэмжээ авсан байна.

Япон үйлдвэрийн шар айрагны борлуулалт өнгөрсөн долоо хоногт 40 хувиар буурсан бол бусад импортын шар айрагны хэрэглээ эсрэгээрээ нэмэгдсэн тухай CU сүлжээ дэлгүүр мэдээлсэн байна. Японд жуулчлах захиалгын хэмжээ энэ сарын эхнээс 70 хувиар унаж, өмнө нь хийгдсэн захиалгаа цуцлах үзэгдэл 50 хувьд хүрснийг холбогдох эх сурвалжууд мэдээлжээ.

Хэдийгээр адилхан ардчилсан засаглал, чөлөөт эдийн засагтай, АНУ-ын холбоотнууд боловч Өмнөд Солонгос, Япон улсуудын хооронд 1910-1945 оны колоничлолын үеэс үлдсэн зөрчил маргаан үргэлжилсээр байдаг.

Өмнөд Солонгосын парламентын хэсэг гишүүд ирэх долоо хоногт Японд зочилж, тус улсын эсрэг тавьсан экспортын хоригийг цуцлуулах талаар Токиогийн албаныхантай уулзахаар болжээ.

 

Эх сурвалж: The Guardian