Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Бээжингийн мах бэлтгэгч” гэгддэг Хятадын ерөнхий сайд асан Ли Пэн 90 насандаа таалал төгсжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хятадын ерөнхий сайд асан Ли Пэн өнгөрсөн Даваа гарагийн үдэш өвчний улмаас нас барсныг тус улсын төрийн төв хэвлэл мэдээлжээ.

Өнгөрсөн онд 90 насны босгыг даваад байсан Ли Пэн 1980-аас 1990-ээд оны үед Хятадын засгийн газрын хэд хэдэн өндөр албан тушаалыг хашиж байв.

Түүнийг 1989 онд Тяньаньмэний талбайд гарсан ардчиллын төлөө тэмцлийг цус урсган дарсан гол хүн гэж үздэг бөгөөд үүнийхээ төлөө “Бээжингийн мах бэлтгэгч” хэмээх хочтой болсон юм.

Сүүлд Ли Пэн гаргасан шийдвэрээ “зайлшгүй шаардлагатай арга хэмжээ” гэж тайлбарласан байдаг.

Экс ерөнхий сайдад зориулсан эмгэнэлдээ Шиньхуа агентлаг “Тяньаньмэний хэрэг явдлын үеэр тогтворгүй байдал, хүчирхийллээс сэргийлэх шийдвэртэй арга хэмжээ авсан” гэж түүнийг үнэлжээ.

Тэмцлийг цус урсган дарах төлөвлөгөөг боловсруулсан гэгддэг Ли Пэн 1989 оны тавдугаар сарын 20-ны өдөр Хятадын төв телевизээр үг хэлэхдээ Бээжингийн зарим хэсэгт онц байдал тогтоож байгааг зарласан юм.

Үүнээс хоёр долоо хоногийн дараа Хятадын Коммунист Намын удирдагчид Тяньаньмэний талбайд танк, цэрэг оруулж тэмцлийг хүчээр дарах нэгдсэн шийдвэрт хүрсэн байна.

2010 онд хэвлэгдсэн дурсамжинд Ли Пэн өөрийгөө уг хядлагад гол үүрэг гүйцэтгээгүй, тухайн үеийн удирдагч Дэн Сяопиний тушаалыг биелүүлсэн тухай бичиж байжээ.

Гэвч олон эх сурвалж түүнийг Тяньаньмэний хядлагын гол архитектор гэж үздэг юм. Сүүлд Хятадын Коммунист Намаас алдагдсан нэгэн бичиг баримтад Ли Пэнийг гол хүн байсан, Дэн Сяопинь түүний үгийг дагасан тухай бичсэн байжээ.

Тэр үеэс хойш Ли Пэний явсан газар бүрт эсэргүүцлийн арга хэмжээ дагалддаг болсон бөгөөд хамгийн алдартай нь 1996 онд түүнийг Францад айлчлах үеэр Парис хотод олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болж байв. 

1928 онд Сичуань мужид төрсөн Ли Пэний эцэг нь хувьсгалч байсан бөгөөд 1931 онд Куоминтаны намынханд алагдсан байна.

Гурван настай өнчин хүүг БНХАУ-ын анхны ерөнхий сайд Жоу Эньлай гэргийн хамт үрчлэн авч, өсгөсөн юм.

Залуу Ли хожим коммунист намын гишүүн болж, усан цахилгаан станцын инженер мэргэжлээр Москвад суралцжээ.

Хятадад эргэж ирсэн Ли Пэн төрийн өмчит эрчим хүчний компанид ажиллаж, гэр бүлийн нөлөөгөөр Соёлын хувьсгалд хэлмэгдэлгүй өнгөрсөн байна.

Улмаар Дэн Сяопиний засаглалын үед эрчим хүчний сайд болж, 1987 онд Хятадын ерөнхий сайдаар томилогдож байжээ.

Тэрээр 1998 он хүртэл 11 жил ерөнхий сайдаар ажиллаж, дараа нь Хятадын төрийн дээд байгууллага болох улс төрийн товчооны гишүүнээр 15 жил ажилласан байна.

 

Эх сурвалж: BBC