Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын онгоцнууд руу гал нээсэн Өмнөд Солонгосыг Япон улс буруутгалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Оросын онгоцнууд руу гал нээсэн Өмнөд Солонгосыг Япон улс буруутгалаа
Sara, ikon.mn - text to speech

Өчигдөр буюу Мягмар гарагт ОХУ-ын гурван бөмбөгдөгч нисэх онгоц Өмнөд Солонгосын агаарын хилийг зөрчсөн тухай мэдээлсэн билээ.

Үүний хариуд Өмнөд Солонгосын арми сөнөөгч онгоцнуудаа илгээж, анхааруулах зорилгоор гал нээсэн юм. Оросын батлан хамгаалах яам сүүлд мэдэгдэхдээ онгоцнууд нь Япон тэнгисийн дээгүүр хуваарьт нислэг үйлдэхдээ Өмнөд Солонгосын агаарын хилийг зөрчөөгүй, Докдо арлаас хол зайтай ниссэн гэжээ.

Тэгвэл Докдо арлыг өөрийн газар нутаг гэж маргадаг Японы засгийн газар өчигдөр Өмнөд Солонгосын үйлдлийг буруутгасан мэдэгдэл гаргасан байна.

Солонгосууд Докдо гэж нэрлэдэг арлыг япончууд Такешима гэдэг. Токиод болсон хэвлэлийн хурлын үеэр Японы гадаад хэргийн сайд Коно Таро “Такешима бол Японы газар нутаг. Манай агаарын хилийг зөрчсөн Оросын нисэх онгоцнуудын эсрэг Япон улс арга хэмжээ авах ёстой. Японы өмнөөс Өмнөд Солонгос хариу үйлдэл үзүүлсэн нь зохимжгүй хэрэг” гэж мэдэгджээ.

Улмаар Японы засгийн газар Өмнөд Солонгос, Орос улсуудад албан ёсны эсэргүүцэл илэрхийлэхээр болсон байна.

Өчигдөр Оросын онгоцнуудтай цуг Хятадын цэргийн хоёр онгоц хамт нисэж байжээ. Хоёр улс Номхон далайд хамтарсан эргүүлийн ажиллагаа явуулж байсныг ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: Reuters