Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн шинэ ерөнхий сайдаар Борис Жонсон тодорлоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Их Британийн шинэ ерөнхий сайдаар Борис Жонсон тодорлоо
Sara, ikon.mn - text to speech

Их Британийн эрх баригч Консерватив намын гишүүдийн дунд явуулсан санал хураалтын үр дүнд тус намын даргаар Борис Жонсон сонгогдлоо.

Нийт 160,000 гишүүн санал хураалтад оролцсоноос 92,153 нь Борис Жонсоныг, 46,656 нь гадаад хэргийн сайд Жереми Хантыг дэмжжээ.

Ингэснээр Лондон хотын дарга асан, гадаад хэргийн сайд асан Борис Жонсон Их Британийн ерөнхий сайд болох зам нээгдэж байна.

Өнөөдөр Хатан хаан Элизабет түүнийг ерөнхий сайдын албан тушаалд томилно.

Их Британийг Европын Холбооноос гаргах хөдөлгөөний гол удирдагч нь Борис Жонсон юм. Тэрээр санал хураалтад ялсныхаа дараа үг хэлэхдээ ямар нэг гэрээ байгуулж чадсан, чадаагүй аль ч тохиолдолд аравдугаар сарын 31-нээс өмнө Британи улс Европын Холбооноос гарна гэдгийг зарлажээ.

Өмнөх ерөнхий сайд Тереза Мэй улс орноо Европын Холбооноос гаргахаас өмнө Брюссельтэй заавал худалдааны гэрээ байгуулж, эдийн засгийн тогтвортой байдлаа хангах зорилт тавьж байсан юм.

Гэвч түүний боловсруулсан гэрээний саналыг Британийн парламент дараалан унагаснаар тэр ерөнхий сайдын суудлаас огцрох болсон.

Борис Жонсон өөрийн засгийн газрын зорилтыг тодорхойлохдоо “Brexit-ийг хэрэгжүүлнэ, улс орноо нэгтгэнэ, Жереми Корбиныг ялна” гэжээ.

Жереми Корбин нь сөрөг хүчний Лэйбор намын тэргүүн юм.

Британийн хамгийн этгээд улс төрч гэгддэг хааш яаш засалттай шаргал халимаг үс, хурц үг яриатай Борис Жонсон дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн үймээнтэй цаг үедээ байгаа улс орныг удирдахаар болж байна.

Нэгдсэн Вант улсын гол холбоотон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп шинэ ерөнхий сайдын талаар сэтгүүлчидтэй Вашингтонд ярилцахдаа “Үнэхээр сайн хүн Британийн ерөнхий сайд болох гэж байна. Тэр Brexit-ийг хийж чадах хүн” гэж хэлжээ. Тэр бас “Хүмүүс түүнийг Британийн Трамп гэлцдэг. Энэ бол тун сайн хэрэг” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: BBC