Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд 16.5 сая м.кв талбайг ариутгахад 1.0 тэрбум төгрөг зарцуулжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 7 сарын 19
iKon.MN

Орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэх шуурхай үйл ажиллагаа зохион байгуулах тухай ХХААХҮ-ийн сайдын 2019 оны зургаадугаар сарын 26-ны өдөр гаргасан албан даалгаврын хүрээнд Мал эмнэлгийн ерөнхий газрын /МЭЕГ/-ын мэргэжилтнүүд энэ сарын 2-ны өдрөөс улсын хэмжээнд орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэх шуурхай арга хэмжээг эрчимжүүлэн ажиллажээ.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ ажлын үр дүнгийн талаар МЭЕГ-ын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Т.Тунгалаг өнөөдөр мэдээлсэн юм.

Тэрбээр "Нийтийн эзэмшлийн зам талбайн ойролцоо малын өвчин гарч байсан голомт бүхий газруудыг ариутган, гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 21 аймагт ажлын хэсэг гарч, ариутгал, халдваргүйжүүлэх ажлыг эрчимжүүлсэн.

Улсын хэмжээнд нийт 16.5 сая ам метр талбайг ариутгаж, халдваргүйтгэл хийсэн дүн мэдээтэй байна.

Үүнээс дурдвал;

  • 439 зоорь, агуулахын 1.9 сая метр квадрат талбай,
  • Малын 18.7 мянган хашаа, хорооны 2.5 сая метр квадрат талбай,
  • Худаг, усны 397 цэгийн 2.7 сая метр квадрат талбай,
  • Тэжээлийн 31 агуулахын 19.2 мянган метр квадрат талбай ,
  • Хөдөө аж ахуйд хэрэглэж буй 179 ширхэг тоног хэрэгсэл болон тэдгээрийн ойр орчмын 171.7 мянган метр квадрат талбай,
  • Түүхий эд бүтээгдэхүүний хадгалах 33 цэгийн 15.8 мянган метр квадрат талбай,
  • Малын 3,115 ширхэг тоног хэрэгслийн 138.6 мянган метр квадрат талбай,
  • Малын өтөг бууцны 1,533 газрын 547.2 мянган метр квадрат талбай,
  • Бэлчээрийн 2.3 сая метр квадрат талбай,
  • 163,728 ширхэг сэг зэм устгаж, түүний орчмын 11.9 мянган метр квадрат талбайг халдваргүйжүүлсэн.

Энэ арга хэмжээг зохион байгуулахад 21 аймаг, Улаанбаатар хотын хэмжээнд нийт нэг тэрбум төгрөгийн зардал гарсан гэх мэдээллийг манай Мал эмнэлгийн ерөнхий газарт ирүүлээд байна.

Жил бүр Хаврын 13 ажлын хүрээнд аймгууд энэ ажлыг зохион байгуулдаг ч зуун хувь хийж чаддаггүй. Харин энэ жил 331 сум, бүх аймаг, орон нутагт болон Улаанбаатар хотын орчим халдваргүйтгэл хийсэн гэдгээрээ онцлогтой" гэсэн юм.