Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун хэрхэн Мерседес автомашинтай болсныг мөрдөж тодруулжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оноос эхлэн гадаад улс орнуудад зочилж, дэлхий нийтийн анхаарлын төвд орсон Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун тансаг ангиллын Мерседес автомашин хөлөглөж байв.

Олон улсын эдийн засгийн хоригийн дагуу тус улс руу тансаг ангиллын бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг хориглосон юм.

Mercedes-Maybach S600 Guard загварын автомашин бол яах аргагүй тансаг унаанд тооцогдоно. Ким Жон Ун хэрхэн эдийн засгийн хоригийг алгасч, ийм унаатай болсон нь хүмүүсийн анхаарлыг татаж байлаа.

Тэгвэл Вашингтонд төвтэй Center for Advanced Defense Studies (C4ADS) судалгааны байгууллага Ким Жон Уны машины мөрөөр эрэн сурвалжилснаа энэ долоо хоногт нийтэд танилцуулжээ.

Тус тайланд өгүүлснээр 2018 оны зургаадугаар сарын 14-нд хоёр ширхэг Мерседес машин Нидерландын Роттердамын боомтоос ачигдаж байсан гэнэ.

Олон сарын хугацаанд Хятад, Япон, Өмнөд Солонгос, Орос чиглэлээр аялсан тус бүр нь хагас сая ам.долларын үнэтэй төмөр хөлгүүд эцэст нь Умард Солонгосын нийслэл Пёньянд хүрсэн гэж судлаачид дүгнэжээ.

Энэ улсад ийм үнэтэй автомашин захиалж авах цорын ганц хүн Ким Жон Ун гэдэг нь тодорхой.

Роттердамаас гарсан машинууд далайгаар аялсаар Хятадын Дальянд хүрсэн байна. Дараа нь Японы Осакагаар дайрч, Өмнөд Солонгосын Бусанд очжээ.

Эндээс DN5505 нэртэй хөлөгт ачигдаж, Оросын Находка боомт руу гарсныг хил гаалийн бичиг баримт баталж байгаа гэнэ. Далайд гарсныхаа дараа DN5505 хөлөг газарзүйн байрлал тодорхойлогч системээ унтрааж, аравдугаар сарын 1-нээс 19-ний хооронд сураггүй болжээ.

Дараа нь уг хөлөг анх алга болсон газраа гэнэт гарч ирсэн бөгөөд ингэхдээ эсрэг чиглэлд буюу Бусан боомт руу аялж байсан гэнэ. Улмаар арваннэгдүгээр сарын 2-ны өдөр DN5505 хөлөг Бусан боомтод Находкагаас нүүрс тээвэрлэж ирсэн хэмээн бүртгүүлжээ.

Харин Находка боомтын гааль дээр уг хөлөг ирсэн, явсан тухай мэдээлэл огт бүртгэгдээгүй байна.

DN5505 хөлгийг алга болсноос хэд хоногийн дараа буюу аравдугаар сарын 7-нд Умард Солонгосын төрийн өмчийн Илюшин-76 ачааны гурван онгоц Пёньянаас Владивостокт ирээд буцжээ.

C4ADS байгууллагын судлаачид тэдгээрийг Ким Жон Уны автомашинуудыг авахаар очсон гэж таамагласан байна.

Олон улсын хоригоос гадуур хориотой бараа бүтээгдэхүүн импортлох ийм аргыг Умард Солонгосын эрх баригчид хэрэглэдэг, үүнд нь Оросын тал тусалдаг гэсэн дүгнэлтийг судлаачид хийжээ.

2015-2017 оны хооронд Пёньяны дэглэм нийт 803 тансаг ангиллын автомашин импортлосон гэж тэд тооцоолсон байна. Тэдгээрийн ихэнх нь Оросын компаниар дамжжээ.

C4ADS байгууллагын судлаачид Ким Жон Уны Мерседесийн мөрөөр найман сарын турш ажилласан байна.

 

Эх сурвалж: CNN