Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Япончууд Тоёотагийн төмөр хөлгийг сар руу илгээхээр болжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Японы хамгийн том автомашин үйлдвэрлэгч хүний жолоодлоготой сарнаа явагч машиныг бүтээх төлөвлөгөөгөө өчигдөр зарласан байна.

Тоёота компанийн бүтээх машиныг Японы Сансар Судлалын Агентлаг (JAXA) захиалжээ.

Сүүлийн жилүүдэд дэлхийн цорын ганц дагуул болох сарыг эзэмших өрсөлдөөн нэмэгдэж байна. Энэ долоо хоногийн сүүлээр АНУ-ын Аполло багийнхан саран дээр хөл тавьсны 50 жилийн ой тохионо.

Америкчууд удахгүй саран дээр дахин хөл тавих зорилготой байгаа. Энэтхэг улс хэдхэн өдрийн өмнө сар руу станц илгээх гэж байснаа техникийн асуудлаас шалтгаалан хойшлуулсан юм.

Хятад улс энэ оны эхээр сарны дэлхий рүү хардаггүй хэсэгт анх удаа станцаа буулгаж чадсан билээ.

JAXA болон Тоёота компани сарнаа явагч машиныг бүтээхэд хамтран ажиллах гурван жилийн гэрээ байгуулжээ. Уг машин нь “Fuel cell” технологиор ажилладаг байх юм. Энэ нь био түүхий эд ашиглан химийн урвалаар эрчим хүч гаргах арга ажээ.

Үүнээс гадна Тоёотагийн машинд хүмүүс тусгай сансрын өмсгөлгүйгээр ажиллах боломжтой байна.

Уг машиныг JAXA 2029 онд АНУ-ын пуужингаар тээвэрлэн саранд хүргэхээр төлөвлөжээ.

Япончуудын судалгааны гол зорилго нь сарны гадаргаас хүн амьдрахад шаардлагатай түүхий эдийг олж илрүүлэх гэнэ. Саран дээр хүн байнга суурьшихын тулд хамгийн түрүүнд усны эх үүсвэр илрүүлэх хэрэгтэй байгаа.

 

Эх сурвалж: South China Morning Post