Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Google компани Хятадын талд ажилладаг эсэхийг шалгахаа Дональд Трамп амлав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд Цахиурын хөндийн хөрөнгө оруулагч, тэрбумтан Питер Тиел технологийн аварга компани Google-ийн талаар таагүй мэдэгдэл дараалан хийгээд байна.

Ням гарагт тэр ярихдаа Google-ийг Хятадын засгийн газартай хамтран ажилладаг тул Холбооны Мөрдөх Товчоо, Тагнуулын Төв Газар үйл ажиллагааг нь шалгах ёстой гэжээ.

Өнгөрсөн Даваа гарагт Тиел телевизийн сувгаар ярихдаа Google компанийн Хятадад хөгжүүлж байгаа хиймэл оюуны төсөлд тус улсын нууц албаныхан оролцсон байх өндөр магадлалтай хэмээн хэлсэн байна.

Ингэхдээ Тиел ямар нэг баримт дэлгээгүй юм.

Дээрх мэдэгдлүүдийн дараа өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа Google компанийг шалгах болсныг зарлажээ.

“Тэрбумтан, технологийн хөрөнгө оруулагч Питер Тиел Google компани эх орноосоо урвасан эсэхийг шалгах ёстой гэж үзэж байна. Тэр Google-ийг Хятадын засгийн газартай хамтран ажилладаг хэмээн буруутгаж байгаа юм. Трампын засаг захиргаа үүнийг шалгах болно!” гэж Трамп мэдэгдсэн байна.

Тиел бол Фэйсбүүк компанийн ТУЗ-ийн гишүүн, хэд хэдэн технологийн компанийн хөрөнгө оруулагч бөгөөд Дональд Трампын сонгуулийн үйл ажиллагааг ивээн тэтгэж байсан юм. Технологийн ертөнцөөс Дональд Трамптай хамгийн ойр хүн гэгддэг.

Трамп мэдэгдэлдээ Тиелийг “уг асуудлыг хэнээс ч илүү сайн ойлгох хосгүй мэдлэгтэй хүн” хэмээн өргөмжилжээ.

Питер Тиелийн мэдэгдлийн дараа Google компаниас хариу мэдэгдэл гаргасан байна. “Манай компани Хятадын засгийн газартай ажилладаггүй гэдгийг дахин мэдэгдэж байна. Бид АНУ-ын засгийн газар, тэр дотроо Батлан Хамгаалах Яамтай кибер аюулгүй байдал, боловсон хүчин, анагаах ухаан зэрэг олон салбарт хамтран ажилладаг” гэж тус компанийн мэдэгдэлд өгүүлжээ.

Өнгөрсөн онд Google компани цензуртай хайлтын системээ Хятадын зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байсан нь илэрч, хүчтэй шүүмжлүүлж байв.

Хүний эрхийн байгууллагууд, өөрийнх нь ажилтнууд эсэргүүцэл үзүүлсний дараа Dragonfly нэртэй уг төслөө Google зогсоосон юм.

2010 оноос хойш тус компанийн хайлтын системийг Хятадад хориглосон. Гэхдээ Google технологийн бусад компаниудын нэгэн адил дэлхийн хамгийн том интернэт зах зээлд нэвтрэх арга хайсаар байгаа.

2017 оны сүүлээр Google Хятадад өөрийн хиймэл оюуны технологийн төвийг байгуулсан нь Ази тивд анхны тохиолдол байжээ. Энд хөгжүүлсэн технологийг нь Хятадын арми орчин үеийн зэвсэглэлдээ ашигладаг гэсэн яриа өнгөрсөн хугацаанд гарч байв.

 

Эх сурвалж: South China Morning Post