Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Катрин Жонсон: Австралид эцэг эх нь салсан ч тэд хүүхдийнхээ хувьд нэг гэр бүл хэвээр байх зарчмаар ажилладаг

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 7 сарын 16
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаанбаатар Ротари клуб болон Австралийн Central Blue Mountains Rotary клуб хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт тусгасан “Гэр бүлийн зөрчил шийдвэрлэх үйлчилгээний чадавхи бэхжүүлэх нь” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ.

Тус сургалт нь энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд орон нутгийн харьяа байгууллагын гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, нийгмийн ажилтан бэлтгэдэг их дээд сургуулийн багш нар оролцож байна.

Мөн сургалтаар Австрали улсын гэр бүлийн шүүгч болон холбооны удирдах зөвлөлийн гишүүд, эвлэрүүлэн зуучлагчид иржээ.

Салсны дараа хүүхэд эцэг эхтэйгээ уулзахгүй байвал хүүхэд маш их сэтгэлийн дарамтад ордог

 

Хүүхэд, гэр бүл судлаач, гэр бүлийн маргаан шийдвэрлэх төслийн зохицуулагч С.Энхтуяа "Энэхүү сургалт маань хоёр хэсгээс бүрдэнэ. Бид эхлээд гэр бүлийн чиглэлээр ажилладаг нийгмийн ажилтнуудаа арга зүйд сургана. Дараа нь гэр бүлийг эвлэрүүлэн зуучлагч нарыг хамруулахаар төлөвлөж байна.

 Манай улсад гэр бүл салсны дараа хосууд нэгнээ үзэн ядсанаас үүдэн хүүхдээ эцэг, эхтэй нь уулзуулахгүй байх нь элбэг тохиолддог. Энэ байдал нь маш буруу. Гэр бүл салахад хүүхдэд маш их сэтгэлийн шарх, дарамт үүсдэг гэдгийг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй.

Хүүхдийн хөгжлийн онолоор хүүхэд бүр эцэг эхтэйгээ эрх тэгш харьцаатай байж, ижил хэмжээнд хайрлуулах ёстой. Салсны дараа хүүхэд эцэг эхтэйгээ уулзахгүй байвал хүүхэд маш их сэтгэлийн дарамтад ордог.

Энэ нь тухайн хүүхдийг зөв хүн болж төлөвшихөд нь саад болж байдаг төдийгүй тоглоомонд донтох, архи, тамхинд орох гэх мэт эрсдлийг бий болгодог. Тиймээс бид эцэг эхийн хүүхдэдээ тавих анхаарлыг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Өндөр хөгжилтэй орнуудад Гэр бүл салахад хүүхдийг эцэг эхтэй нь ойр өсөх боломжийг олгосон үйлчилгээнүүд олон байдаг. Австрали улс бол энэ тал дээр нэлээд өндөр туршлагатай учраас бид Австралийн энэ чиглэлийн мэргэжилтэн, эрдэмтнүүдийг авчирч сургалт явуулж байна. 

Тухайлбал, Австрал улсад гэр бүл салсан тохиолдолд хүүхдийг долоо хоногийн хэдэн өдөр ээжтэйгээ, хэдэн өдөр нь аавтайгаа хамт байхыг нь төлөвлөж шүүхийн шийдвэрээр батладаг. Тиймээс хүүхэд эцэг эхийн алинаас нь ч хөндийрөлгүй хамт өсдөг. Хэдийгээр эцэг эх нь салсан ч хүүхэд эцэг эхийн хайрыг заавал мэдэрч өсөх ёстой" гэлээ.

Салсан ч тэд хүүхдийнхээ хувьд нэг гэр бүл хэвээрээ байх ёстой

 
Гэрэл зургийг Mpa.mn

Австралийн зөрчил шийдвэрлэх холбооны дэд ерөнхийлөгч Катрин Жонсон "Австралид гэр бүлийн мэргэжлийн үйлчилгээ бол сайн хөгжсөн бөгөөд гэр бүлийн харилцааны төрийн болон төрийн бус олон тусгай байгууллагууд ажилладаг. Асуудалтай байгаа гэр бүлүүд тэдгээр байгууллагын хүрээнд төрөл бүрийн үйлчилгээг авч болно. Тухайлбал хүүхэд хүмүүжлийн тухай, гэр бүлийн маргааны үед асуудлаа хэрхэн шийдвэрлэж харилцаагаа сайжруулах тал дээр мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах боломжтой байдаг.  

Хэдийгээр салах эсэх нь тэр хүмүүсийн сонголт байдаг ч салсныхаа дараа тэд хамтдаа үр хүүхдэдээ анхаарал, халамж тавьж, цаашдын амьдралаа ямар нэг сэтгэлийн шархгүй өнгөрүүлэх хэрэгтэй. Салсан ч тэд хүүхдийнхээ хувьд нэг гэр бүл хэвээрээ байх ёстой гэсэн зарчмаар бид ажиллаж, зөвлөгөө өгдөг" гэлээ.

Хосуудад зөвлөгөө өгөх төвүүд хэрэгтэй

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Л.Бадамцэцэг "Өнөөдөр Монголд 894 мянга орчим гэр бүл байна гэсэн статистик мэдээлэл бий. Өнгөрсөн оны байдлаар 21 мянга орчим гэр бүл гэрлэлтээ батлуулсан бол 4,200 орчим гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байна. Гэхдээ үүнд зөвхөн хууль ёсны гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан тоо орж байгаа юм. 

Хосууд ямар нэг үл ойлголцол, маргааны улмаас салж байгаа учраас тэдгээр хосуудад зөвлөгөө өгөх төвүүд хэрэгтэй байна. Магадгүй тэд гэрлэлт цуцлах өргөдөл өгсөн тохиолдолд сэтгэл зүйн үйлчилгээ маш их хэрэгтэй байгаа. Тиймээс гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ нь гэр бүлийн дэмжих үйлчилгээний нэг хэлбэр байх ёстой гэж заасан.

Манай гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын гэр бүлд зөвлөгөө өгдөг 22 төвөөр жилд нийт 20 гаруй гэр бүл маргаантай холбоотой, хосууд хоорондын холбоотой асуудлаар зөвлөгөө авдаг" гэлээ.

Сургалтын хөтөлбөрийг гэр бүлийн харилцаа, зөрчил маргааны шалтгаан, гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ гэрлэлт цуцлах үеийн хүүхдийн эрхийн хамгаалал, эцэг эхийн үүрэг хариуцлага зэргийг хэрхэн шийдвэрлэх талаар Австрали улсын хуулийн практик болон монгол гэр бүлүүдийн асуудал, нөхцөл байдлын жишээнд дээр тулгуурлан боловсруулсан аж.