Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/14-НД НИЙТЛЭГДСЭН

Францын ерөнхийлөгч сансрын зэвсэгт хүчин байгуулах шийдвэрээ зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Улс орныхоо батлан хамгаалах чадварыг сайжруулахын тулд армийн агаарын хүчний салбарт сансрын анги нэгтгэл шинээр байгуулах болсноо Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр буюу Бямба гарагт зарлажээ.

Бастилийн өдөр буюу үндэсний баярынхаа өмнөх өдөр цэрэг армийнханд хандаж хэлсэн үгэндээ Макрон тус улсын хиймэл дагуулуудыг хамгаалах зорилготой нэгтгэлийг ирэх есдүгээр сард агаарын хүчний салбар дотор байгуулж, цаашдаа Сансар, Агаараас хамгаалах зэвсэгт хүчин нэрийн дор өргөжүүлэх төлөвлөгөөг ярьсан байна.

Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мөн өөрийн арми дотор сансрын зэвсэгт хүчнийг байгуулах шийдвэр гаргасан билээ.

Франц улсын арми одоо тойрог замд ажиллаж буй тагнуулын, харилцаа холбооны, радарын зориулалттай олон тооны хиймэл дагуулуудыг ашигладаг. 2019-2025 оны батлан хамгаалах төсөвтөө 3.6 тэрбум еврогийн зардал тусгасан нь тус улсын хиймэл дагуулуудыг шинэчлэх, сайжруулахад зориулагдах юм.

Одоогоор АНУ, ОХУ, Хятад улсууд сансрын уудмыг батлан хамгаалах зорилгоор ашиглахад их хэмжээний хөрөнгө оруулахаа илэрхийлээд байна.

NATO энэ онд багтаж сансрын уудмыг дайны талбарт албан ёсоор тооцдог болох гэж байгааг албаны эх сурвалжууд өнгөрсөн сард мэдээлж байв.

 

Эх сурвалж: AFP