Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Охидыг зөөлөн аргаар хүмүүжүүлдэг бол хөвгүүдэд илүү хатуурхаж, зоддог болох нь харагджээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний статистикийн хороо Монгол Улсын “Статистикийн тухай” хуульд заасны дагуу явуулсан “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа- 2018” тайланг өнөөдөр танилцууллаа.

Энэхүү судалгаа нь Монгол Улсын хүүхэд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгаалал, аж байдал, тэдний эрхийн хэрэгжилт, ХДХВ/ДОХ-ын талаар мэдлэг, хандлага, бэлгийн зан үйл, хүн амын сайжруулсан ундны ус, ариун цэврийн байгууламжийн хэрэглээ, гар угаах газар, иоджуулсан  давсны хэрэглээний талаар чанартай статистик тоо мэдээллийг гаргадгаараа онцлогтой.

“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2018”-аар дамжуулан 178 үзүүлэлтийг тооцон гаргажээ.

Судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн 22, эмэгтэйчүүдийн 19 хувь нь хүүхдийг зодож хүмүүжүүлсэн нь зөв гэж хариулсан
 
Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “Статистикийн тухай хуульд арван тооллого судалгааг нэр заасан байдаг. Үүний нэг нь нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа бөгөөд таван жилд нэг хийгддэг юм. Монгол Улсад зургаа дахь удаагаа хийгдэж байна. Энэхүү судалгааг хийснээр хүний амьдралтай холбоотой бүхий л мөчлөг үеийг гаргаж ирдгээрээ онцлогтой ба нийт 14,500 өрх хамрагдсан" гэлээ.

Судалгааны үр дүнгээс анхаарал татсан хэд хэдэн асуудал байв. 

Тухайлбал, дархлаажуулалтын эхний тун манай улсад сайн хийгддэг ч сүүлийн тунгууд хангалттай хийгддэггүй нь харагдсан.

Мөн хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь сүүлийн үед багасжээ. Хүүхдийг хамгийн багадаа зургаан сар хүртэл нь хөхний сүүгээр хооллох ёстой ч сүү орлуулах тэжээлд эрт оруулж байна. Нэн ялангуяа хөвгүүдэд түгээмэл байгаа нь судалгаагаар гарсан. Энэ нь хөвгүүд охидыг бодвол илүүдэл жинтэй, өсөлтийн хоцрогдолтой байгаагаар илэрсэн. 

Судалгааны бас нэг үзүүлэлт нь төрөлт. Төрөлтийн түвшин хот болон хөдөө орон нутагт ямар ялгаатай байгааг доор график харуулж байна.

 
Эх сурвалж: ҮСХ

Эцэг, эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлэх аргын талаар бас нэгэн анхаарал татсан дүгнэлт гарчээ. Тухайлбал, судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн 22, эмэгтэйчүүдийн 19 хувь нь хүүхдийг зодож хүмүүжүүлсэн нь зөв гэж хариулсан. Үүнээс үзвэл, охидыг шийтгэлийн бус аргаар буюу илүү зөөлөн аргаар хүмүүжүүлдэг бол хөвгүүдэд илүү хатуурхаж, сэтгэл санааны дарамт үзүүлж, зоддог болох нь харагджээ. Энэ байдал нь хөвгүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх нэг шалтгаан гэдгийг А.Ариунзаяа дурдав. Үүгээр зогсохгүй сургуульд хамрагдалтын хувьд ч хөвгүүд охидуудаас доогуур түвшинд байгаа аж.

"Энэ мэтчилэн судалгааны олон үзүүлэлтээс дүгнээд хэлэхэд бид өнөөдөр эмэгтэйчүүдийн эрх, боловсрол, хүмүүжил гэж ярихаас илүүтэй эрэгтэйчүүдэд анхаарах цаг болсон ба эрэгтэй хүүхдэд төрсөн цагаас нь эхлээд анхаарал тавих шаардлагатай байна” хэмээр тэрбээр нэмж хэллээ.

Гарсан үр дүнд тулгуурлаад шийдвэр гаргагчид тохирсон арга хэмжээг хэрэгжүүлж, бодлого баримтлах шаардлагатай
 
Гэрэл зургийг MPA.mn

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хайкенс “Энэхүү судалгаагаар эмэгтэйчүүд, хүүхэд, өрх гэр бүлийн аж байдлын гол үзүүлэлтүүд гарсан. Ялангуяа, тогтвортой хөгжлийн зорилтуудын ахиц дэвшлийг дэмжих, хүүхдийн эрхийн конвенцын хэрэгжилт Монгол Улсад ямар байгааг хэмжихэд тус судалгаа маш том хувь нэмэр өглөө. 

Судалгааны дүнгээс харахад тогтвортой хөгжлийн зорилттой холбоотой үзүүлэлтүүдэд ахиц дэвшил гарчээ. Харин эрүүл мэнд, хоол тэжээл, хүүхэд хамгаалалттай холбоотой үзүүлэлтүүд тааруу байгаа нь харагдлаа. Тиймээс гарсан үр дүнд тулгуурлаад шийдвэр гаргагчид тохирсон арга хэмжээг хэрэгжүүлж, бодлого баримтлах шаардлагатай юм” гэв.

“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа- 2018” судалгааны үр дүнгээс сонирхол татсан бас нэг үзүүлэлт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн мэдээлэл, харилцаа, холбооны технологи ашиглах чадвар ямар байгааг судалсан явдал байлаа. 

Судалгаанаас өмнөх гурван сард компьютер ашиглахтай холбоотой тусгайлсан үйлдлүүдийг хийсэн 15-49 насны хүн ам /хүйсээр/ 

 
эх сурвалж: ҮСХ

Үүнээс харвал, тусгайлсан есөн үйлдэл дундаас нэг файл доторх текстийг хуулж, зөөхдөө эмэгтэйчүүд илүү байгаа бол компьютерийн программ бичихдээ эрэгтэйчүүд илүү байна.

Энэхүү “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа- 2018" судалгааны мэдээллийг 2018 оны есдүгээр сарын 20-ноос арванхоёрдугаар сарыг дуустал нийт гурван сарын турш цуглуулахдаа 19 багийн 114 хүнийг хамруулж, 21 аймаг, Улаанбаатар хотод ажилласны үр дүнд гаргажээ.

 

Судалгаатай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.