Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хэрэглэгчид эдийн засагт итгэж буй тул ойрын хагас жилд өртөг өндөртэй худалдаа хийхээр төлөвлөжээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 7 сарын 8
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засгийн өнөөгийн байдлын үнэлэмж болон ирээдүйн төлөв байдлын хүлээлтийн талаарх мэдээллийг агуулдаг хэрэглэгчийн итгэлийн индексийн ээлжит судалгааг өнөөдөр танилцууллаа. 2019 оны II улирлын буюу 22 дахь улирлын энэхүү судалгааг МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв болон “Эн-Ар-Си-Си” судалгаа, зөвлөгөөний компани хамтран хийсэн бөгөөд санамсаргүй түүврийн аргаар, Монгол Улсын хэмжээнд 1,000 орчим иргэнийг хамруулан хийсан талаар МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж дурдав. 

Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 2019 оны II улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 6.7 пунктээр өсөж, 84.2 болсон байна. Энэхүү өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох өнөөгийн байдлын индексийн өсөлт нөлөөлжээ. Тухайлбал, өнөөгийн байдлын индекс жилийн хугацаанд 16.5 (35.2%) пунктээр өсөж, 63.4 болжээ. Харин ирээдүйн хүлээлтийн индекс өмнөх оны мөн үеийн түвшинд буюу 98.0 байна.

Өнөөгийн байдлын индексийн өсөлтөд ажлын олдоц нэмэгдсэн нь нөлөөлсөн бөгөөд  ойрын ирээдүйд буюу ирэх зургаан сард ч энэ үзүүлэлт хэвээр байна хэмээн иргэд үзэж буй аж. Харин бизнесийн нөхцөл болон өрхийн санхүүгийн байдлын талаарх хүлээлт өмнөх оны мөн үеэс буурсан нь сөрөг нөлөө үзүүлжээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Хэрэглэгчийн удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдан авах төлөвлөгөө нь үйлдвэрлэл өсөх, буурахыг урьдчилан хэлэх боломжтой эдийн засгийн чухал индикатор болдог билээ.

Учир нь аялал жуулчлал болон удаан эдэлгээтэй бүтээгдэхүүнүүд болох үл хөдлөх хөрөнгө, томоохон эд хогшил, автомашин зэрэг бол өрхийн хувьд өндөр өртөгтэй худалдан авалт учраас хэрэглэгчид худалдан авах чадвартаа итгэлтэй байгаа үедээ л авдаг. Тиймээс эдийн засгийн талаар гутранги байгаа үедээ хэрэглэгчдийн итгэл буурч, юуны өмнө автомашин, цахилгаан бараа зэрэг удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний хэрэглээний зардлаа  бууруулдаг гэдгийг “Эн-Ар-Си-Си” судалгаа, зөвлөгөөний компанийн захирал Б.Алтанцэцэг тодотгосон юм.

Монгол Улсын хувьд хэрэглэгчдийн худалдан авалтын төлөвлөгөө 2018 оны III, IV улиралд нэлээд өсөлттэй байхаар гарч байсан бол энэ оны сүүлийн хоёр улиралд харьцангуй тогтвортой байхаар байна. Тухайлбал, 2019 оны II улирлын судалгаагаар хэрэглэгчдийн

  • 43.5 хувь нь ирэх 6 сарын хугацаанд аялал жуулчлал хийх
  • 19 хувь нь томоохон эд хогшил цахилгаан бараа авах
  • 9.4 хувь нь үл хөдлөх хөрөнгө авах
  • 16 хувь нь автомашин авах төлөвлөгөөтэй байгаа аж. 
  • Мөн хэрэглэгчдийн 20.7 хувь ирэх 6 сарын хугацаанд зээл авах төлөвлөгөөтэй байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараг хэвэндээ гэсэн үг.
 
Гэрэл зургийг MPA.mn

Хэрэглэгчид ирэх 6 сард инфляцыг 3.5%, ирэх нэг жилийн хугацаанд 5.1% байна гэсэн хүлээлттэй байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тогтвортой үзүүлэлт юм. Харин мөнгөн хөрөнгөө төгрөгөөр байрлуулахыг илүүд үзэж буй хэрэглэгчдийн хувь 3.9 пунктээр буурч, гадаад валютаар байршуулахыг илүүд үзэж буй хэрэглэгчдийн хувь 4.6 пунктээр өсжээ. Товчхондоо бол иргэд ойрын хагас жилд эдийн засаг тогтвортой байна гэсэн хүлээлт тээж байгааг МИУС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш Б.Соёлмаа хэллээ.