Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын эмэгтэй шигшээ баг дөрөв дэх удаагаа хөлбөмбөгийн дэлхийн аварга боллоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн орой Францын Лион хотноо АНУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг Нидерландын багийг 2:0 харьцаагаар ялж, дөрөв дэх удаагаа хөлбөмбөгийн дэлхийн аварга боллоо.

Тэмцээний 61 дэх минутад АНУ-ын багийн ахлагч Меган Рапино торгуулийн цохилтоос анхны гоолыг хийсэн бол 69 дэх минутад  Роуз Лавел хоёр дахь гоолыг хийжээ.

Ингэснээр Америкчууд 1991 оноос хойш найм дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа эмэгтэйчүүдийн ДАШТ-д дөрвөн удаа (1991, 1999, 2015, 2019 онуудад) түрүүлж, дэлхийд тэргүүлж байна.

Тэдний араас Германы эмэгтэй шигшээ баг хоёр удаа түрүүлсэн амжилтаар удаалж, Япон, Норвегийн багууд тус бүр нэг удаа түрүүлээд байгаа юм.

34 настай Меган Рапино энэ удаагийн дэлхийн аваргын шилдэг тоглогч Golden Ball, зургаан гоолоор Golden Boot шагналуудыг авч байна.

Тэрээр улс төрийн үзэл бодол нийлдэггүй шалтгаанаар дэлхийн аварга болвол Дональд Трампын урилгыг хүлээн авч, Цагаан ордонд зочлохгүй гэдгээ мэдэгдэж, маргаан үүсгэж байсан юм.

Дональд Трамп түүнд “Эхлээд түрүүл, дараа нь Цагаан ордонд уригдах тухай ярь” хэмээн сошиал сүлжээгээр мэдэгдэж байв.

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Америк бүсгүйчүүд Тайландын шигшээг хэсгийн тоглолтод 13:0 харьцаагаар ялж, эрэгтэй, эмэгтэй бүх ДАШТ-ий дээд амжилтыг тогтоосон юм.

Английн шигшээ багийг 2:1 харьцаатай ялсан Шведийн шигшээ баг энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийг хүртжээ.

 

Эх сурвалж: Associated Press