Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Пентагон хүнийг зүрхний цохилтоор нь зайнаас таних технологи бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Пентагон хүнийг зүрхний цохилтоор нь зайнаас таних технологи бүтээжээ
Sara, ikon.mn - text to speech

Сүүлийн жилүүдэд биометрийн мэдээллийг нь ашиглан хүний хэн болохыг таних олон арга технологи хөгжиж байгаа. 

Тухайлбал царайгаар таних, явдлаар нь танихаас гадна хурууны хээ, нүдний солонгон бүрхэвчээр таних гэх мэт олон арга бий.

Тэгвэл Пентагон хүнийг зайнаас зүрхний цохилтоор нь таних шинэ технологи боловсруулж байгаа тухай “MIT Technology Review” сэтгүүлд саяхан мэдээлжээ.

"Jetson" нэртэй уг технологи нь 200 метрийн дотор байгаа хүний арьсан дээрх материалын хөдөлгөөнийг лазерын тусламжтай хэмжиж, хэн болохыг нь таних юм байна.

Өөрөөр хэлбэл зүрхний цохилт хүний өмссөн хувцсанд хэрхэн нөлөөлж байгааг хэмждэг гэнэ.

Хүн бүрийн зүрхний цохилтын хэмнэл нь давтагдашгүй байдаг бөгөөд нуух, өөрчлөх ямар ч аргагүйгээрээ давуу талтай ажээ.

Гэхдээ сул тал нь өвлийн хүрэм мэт зузаан хувцасны цаана хэн байгааг таних чадваргүй, зөвхөн дан цамц өмссөн тохиолдолд таних гэнэ. Үүнээс гадна хүнийг танихад шаардлагатай мэдээллийг цуглуулахдаа 30 секунд орчим хугацаа шаардах тул одоогоор зөвхөн сууж, зогсож байгаа буюу хөдөлгөөнгүй байгаа хүнийг таних юм байна.

Эдгээр бэрхшээлүүдийг эс тооцвол "Jetson" технологи нь хүнийг 95 хувийн нарийвчлалтай таниж байгаа ажээ.

Тиймээс улам боловсронгуй болсны дараа цаашдаа царайгаар таних технологийг халах ирээдүйтэйд тооцогдож байна.

 

Эх сурвалж: Engadget