Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Вашингтон-Пёньяны харилцаанд саад учруулахгүйн тулд Жон Болтоныг Монгол руу цөлсөн үү?

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх, дайнч, хатуу бодлоготойгоороо алдартай Жон Болтоны Монголд хийсэн гэнэтийн айлчлалын талаар судлаачид сошиал сүлжээнд янз бүрийн таамаг дэвшүүлж байна.

Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хоёр Солонгосын хилд зочилж, Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай түүхэн уулзалт хийсэн билээ. Түүнийг дагалдсан хүмүүсийн дотор Жон Болтон байгаагүй нь судлаачдын анхаарлыг татаж байв.

Харин Болтоны оронд түүний дайнч үзлийг шүүмжлэгч, Fox News сувгийн тоймч Такер Карлсон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан нь сонирхолтой тохиолдол байв.

Зарим ажиглагчид үүнийг Солонгосын хойгийг энхийн замаар цөмийн зэвсгээс ангижруулах төлөвлөгөөнд саад хийлгэхгүйн тулд Болтоныг Монгол руу цөлсөн хэрэг гэж таамаглажээ.

Умард Солонгосын дэглэм Жон Болтонд таагүй ханддаг. Болтон өмнө нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс салгахдаа “Ливийн загвар”-ыг ашиглаж болох тухай ярьж, Пёньяны төв хэвлэл хариуд нь түүнийг “алсын хараагүй”, “нийгмийн шаар”, “цусанд донтогч” гэх мэтээр доромжилж байсан удаатай. Ливи улсыг цөмийн зэвсгээс ангижруулах гэрээ байгуулснаас долоон жилийн дараа тус улсын удирдагч Муаммар Каддафи төрийн эрхнээс зайлуулагдаж, зэрлэгээр алагдсан юм.

Саяхан Дональд Трамп хэвлэлд ярихдаа “Хэрвээ Болтоны зөвлөгөөг дагавал бид бүх дэлхийтэй зэрэг дайтах байлаа” хэмээн хэлж, зөвлөхийнхөө хатуу чиг шугам баримталдгийг баталж байжээ.

Мөн зарим судлаачид олон улсын чухал үйл явдлын үеэр Болтоныг Монгол руу илгээсэн нь түүнийг удахгүй Цагаан ордноос явуулах болсны шинж гэж үзэж байгаагаа бичжээ.

Эх сурвалж: Russia Today