Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Иранд биткоин олборлолт нэмэгдсэнээс эрчим хүчний систем нь доголдоход хүрчээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Иргэдийн дунд биткоин олборлох явдал нэмэгдсэнтэй холбоотой эрчим хүчний системд доголдол, саатал гарах болсон талаар саяхан Ираны эрчим хүчний яамны төлөөлөгч Мостафа Ражаби мэдээлжээ.

Тиймээс хууль бус ажиллагаа явуулж буй этгээдүүдийн байрыг цахилгаан сүлжээнээс салгах арга хэмжээ авах тухай анхааруулсан байна.

Өчигдөр тус улсын төвийн Язд мужид крипто валют олборлодог хоёр байгууламжийг илрүүлж хаасан тухай төрийн өмчит телевизийн суваг мэдээлжээ.

Тэдний нэг нь хуучин үйлдвэрийн байрыг ашиглан 1,000 орчим олборлогч машин ажиллуулж байсан гэнэ. Сүүлийн нэг сарын хугацаанд Иран даяар эрчим хүчний хэрэглээ 7 хувиар өссөн нь голдуу биткоин олборлох зориулалттай машинуудын ажиллагаатай холбоотой гэж Ражаби мэдэгджээ.

Нэг биткоин олборлоход 24 өрхийн нэг бүтэн жилийн хэрэглээг хангах эрчим хүч зарцуулж байгааг тэр анхааруулсан байна.

Иран улсад эрчим хүчний үнэ тариф хямд байдаг нь үүнд нөлөөлж байгаа бололтой. Зарим сүм, сургуулийн эрчим хүчний зардлыг төсвөөс бүрэн даадаг байна. Нөгөө талаас АНУ-ын болон олон улсын эдийн засгийн хоригт орсон иранчууд гадаад улс орнууд руу банкны гүйлгээ хийх боломжгүй болсон нь биткоины эрэлтийг нэмэгдүүлж байгаа гэнэ.

Крипто валютыг ашиглан ямар нэг банк дамжилгүйгээр мөнгө шилжүүлж болдог. Тегераны эрх баригчид ч эдийн засгийн хоригоос зайлсхийхийн тулд крипто гүйлгээг сонирхож байгаа гэх мэдээлэл бий.

 

Эх сурвалж: Reuters