Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхбаяр: Байгалийн баялаг төрийн өмч байж болохгүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Монгол Ардын Хувьсгалт намаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгчийг ард түмэн сонгосон бол тэр өөрөө Засгийн газраа толгойлох хэрэгтэй

 
Гэрэл зургийг Mpa.mn

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Өнгөрсөн 7 хоногт УИХ-ын дарга Занданшатартай уулзсан. Одоо өөрчлөх гэж оролдож байгаа хууль, нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдэж чадахгүй гэдгийг илэрхийлэхэд МАХН-аас Үндсэн хуульд орох нэмэлт өөрчлөлтийн талаар саналаа өг гэсэн. Үүний дагуу Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт саналаа хүргэж байна.

Үндсэн хуулийг төлөөлөгч хүмүүс биш ард түмний өргөн оролцоотойгоор өөрчлөх хэрэгтэй. Төлөөллийн ардчилал гэж байдаггүй юм. Тийм байвал Ардчилал өөрөө завхарна.

Энэ өөрчлөлт ард түмний эрх ашигт хэрхэн нөлөөлөх тухай үндэслэл гаргаж, одоогийн Үндсэн хуулийнхаа дутагдлуудыг зас. Ард түмэн бол анхдагч, төр засаг хоёрдогч гэдгийг Үндсэн хуульдаа суулгаж өгөх хэрэгтэй.

Одоогийн үндсэн хуулийн 6.1, 6.2-д Байгалийн баялаг нь ард түмний болон төрийн өмч байна. Мөн түүнийг ард түмний эрх ашгийн төлөө төр захиран зарцуулах тухай заасан байдаг. Энэ буруу заалт нь ард түмнийг ядууруулж байна. Учир нь төрийн өмч гэдэг нь дарга нарын л өмч болчхоод байна.

Байгалийн баялаг төрийн өмч, төр захиран зарцуулах эрхтэй байгаа учраас хүн бүр УИХ-д гарах гэж зүтгэж байна. Гэвч одоо 6.2-г л давтаад,энэ зүйл заалтад өөрчлөлт хийхгүй байгаа учраас энийг өөрчлөлт гэж үзэхгүй. Өмчийн хэлбэрийг өөрчлөхгүй бол ард түмний сайн сайхны төлөө зарцуулна гэдэг үг хоосон хэвээрээ үлдэнэ.

Байгалийн баялаг төрийн өмч байж болохгүй. Зөвхөн ард түмний өмч байж ,иргэн бүр эзэн нь гэсэн гэрчилгээ авах ёстой. Тэр гэрчилгээгээр дамжуулж, баялгаас ашгийн хувиа авч, эмнэлэгт үнэгүй үзүүлж, боловсролыг үнэгүй олгохоор тусгах хэрэгтэй.

Мөн Ерөнхийлөгч намын хүн байх албагүй бөгөөд Ерөнхийлөгчийг ард түмэн сонгосон бол тэр өөрөө Засгийн газраа толгойлох хэрэгтэй.

Засгийн газар нь биеэ дааж ажиллаж, давхар дээл өмсөх шаардлагагүй. Харин УИХ зөвхөн хууль тогтоох ажил л хийх ёстой. Тогтолцоогоо өөрчлөхгүй бол зургаан жил болгоод нэмэргүй” гэлээ.

Ард түмэн хэнийг ямар үүрэг гүйцэтгүүлэхээ сонгодог байх ёстой

 
Гэрэл зургийг Mpa.mn

МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн Л.Мөнхсайхан “Шүүгч нар өнөөдөр ямар өндөр цалин хангамжтай, ямар ажлын хөнгөлөлттэй нөхцөлд байлаа ч хүний хүсэл шунал хязгааргүй. Ард түмэн төрийн бодлогын гадуур байдгийн гай нь 17 шүүгчээс харагдаж байна. Шүүгчийг ард түмэн сонгож чаддаггүй. Гэвч эрх мэдлийн цорын ганц хүн нь ард түмэн. Тэд өөрөө хэнийг ямар үүрэг гүйцэтгүүлэхээ сонгодог байх ёстой.

Үндсэн хуульд төр засгийн эрх мэдлийг ард түмэн барих боломжийг хангаагүй. Хэн анхдагч гэдэг нь тодорхойгүй байна. Энэ гаж тогтолцоог засах шинж алга. Тиймээс энэ мэт суурь зарчмыг баталгаажуулах хэрэгтэй” гэв.

Сүүлийн 20 жил ард түмний хүлээж байгаа зүйлийг шийдэх ёстой

 
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан "Байгалийн баялаг бол ард түмний дундын өмч байх ёстой. Сүүлийн 20 жил байгалийн баялгийг гадаадуудад лиценз нэрээр зарсан. Энэ нь ард түмэнд нөлөөлдөггүй, цөөн хэдэн хүн баяждаг. Үндсэн хуулийн өөрчлөлт уг нь нийгэмд яригдаж байгаа маргааныг шийдэх ёстой. Гэтэл байгалийн баялгийн талаар нэг ч өгүүлбэр оруулсангүй.

Дэлхийн түүхэнд гарсан дайн дажин үргэлж байгалийн баялагтай холбоотой байна. Өнөөдөр ч улс гүрнүүд байгалийн баялаг дээрээ хэн эзэн суух талаар зөрчилдөж байгаа. 1992 оны Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмэн, төрийн мэдэлд байна гэсэн байдаг. Гэвч байгалийн баялаг бол аль ч төрийн бүтээгүй зүйл бөгөөд, зөвхөн ард түмний өмч.

Ард түмэн л бүхний эзэн байх ёстой. Гэтэл одоо хоцрогдсон маягаар төрд эрх мэдлийг нэмэгдүүлж олгож байна. Энийг мэдсээр байж үл анзаарч, өөрчлөлгүй үлдээвэл үндэсний аюулгүй байдал алдагдана. МАН нэмэлт өөрчлөлт хийх гэж байгаа бол сүүлийн 20 жил ард түмний хүлээж байгаа зүйлийг шийдэх ёстой” гэв.

Боловсрол бол хүний заяагдмал эрх, энийг төр хамгаалах үүрэгтэй

 
Гэрэл зургийг Mpa.mn

МАХН-ын Сүхбаатар дүүргийн дарга Д.Дуламсүрэн “Юуны өмнө боловсролын асуудалд шинэчлэл хийх хэрэгтэй. Өнөө үед баячуудын хүүхдүүд л өндөр боловсролтой болж, ихэнх жирийн иргэд, ажилчдын хүүхдүүдэд боловсрол дутагдаж байна. Сургалтын төлбөрөө төлөхийн тулд эцэг эхээрээ цалин тэтгэврийн зээл авхуулдаг, эсвэл төлбөрөөс болоод сурч чадахгүй байгаа залуус олон байна.

Боловсрол бол хүний заяагдмал эрх юм. Энийг төр хамгаалах үүрэгтэй.Тиймээс төрийн өмчийн сургуулиудын сургалтын төлбөрийг төр бүрэн хариуцах ёстой. Энийг үндсэн хуульд тусгаж өгөөгүй нь маш харамсалтай.

Өнөөдөр дэлхийн 23 өндөр хөгжилтэй улс оронд их дээд сургуулийнх нь төлбөрийг төрөөс санхүүжүүлдэг. Монгол залуусыг төр дэмжих үүрэгтэй. Энэ тухай үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгах хэрэгтэй байна” гэлээ.