Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бат-Эрдэнэ: Шүүхийн шийдвэрийг дагах ёстой учраас л допинг хэрэглэсэн таван бөхийг барилдуулахаар болсон

М.Дуламсүрэн, Үндэсний шуудан
2019 оны 6 сарын 28
Үндэсний шуудан
Зураг зураг

Допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг нь хассан хугацаа дуусаагүй байхад Шүүхийн шийдвэрээр барилдуулахаар болсон.

Үүнээс үүдсэн асуудлаар дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, заан Ц.Магалжав тэргүүтэй МҮБХ-ны удирдлагууд бөхчүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр МҮБХ-ын тэргүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын аварга Ч.Санжаадамба нараас зарим зүйлийг тодрууллаа.

Шүүхийн шийдвэр биелүүлээгүй Ц.Магалжав, Б.Сайнбаярт нарт 250 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ

-Шүүхийн шийдвэр гарсны дараа МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар барилдуулахаар болсон. Яагаад эрх сэргэх хугацаа болоогүй байхад МҮБХ ийм шийдвэр гаргасан юм бэ?

-Энэхүү шинжилгээнд үндэсний бөхийн 43 бөх хамрагдсан түүнээс таван бөх шинжилгээнд бүдэрсэн. Бидэнд “Б.Пүрэвсайхан, Ө.Бат-Орших, Э.Даш, Б.Номиндалай, Б.Майнбаяр нарын барилдах эрх сэргэсэн тул зургаадугаар сарын 23-ны наадмын сорилго барилдаанд барилдуулна уу” гэсэн шүүхийн шийдвэр ирсэн.

Үүнийг нь бид тэргүүлэгчдийн хурлаараа оруулаад санал хураалаа. Улмаар олонхын саналаар барилдуулах нь зөв гэж шийдээд ийм байдалд хүрээд байна.

-Та тэргүүлэгчдийн зөвлөлийн хуралд дээр эрх сэргээхийг зөвшөөрч гарын үсэг зурсан байсан шүү дээ?

-Тэр бол шүүх нэгэнт тэгж тогтоосон учраас дагахаас өөр аргагүй учраас зөвшөөрч гарын үсэг зурсан. Бидний хувьд бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах ёстой ч шүүхийн шийдвэрийг заавал дагаж мөрдөх хэрэгтэй.

 Тиймээс энэ сарын 23-ны барилдаанд барилдах эрх нь сэргэсэн гурван бөхийг барилдуулахаар бүртгэсэн боловч бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгараад барилдуулаагүй. Үүний улмаас шүүхийн шийдвэр биелүүлээгүй гээд Ц.Магалжав, Б.Сайнбаяр хоёрт Зөрчлийн тухай хуулиар 250 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.

-Ү.Хүрэлбаатар гуай өөрийгөө албан ёсны бөхийн холбоонд ажилладаг учраас допинг хэрэглэсэн бөхчүүдтэй хамт шүүх хуралд орсон гэж байна. Энэ талаар?

-Ү.Хүрэлбаатар шүүх хуралд хариуцагчаар орсон нь Н.Чинбатаар тэргүүлүүлсэн албан ёсны бөхийн холбоог төлөөлсөн гэж хэлж байна.

Гэтэл энэ таван бөхийн барилдах эрхийг хасах шийдвэрийг Р.Нямдорж даргын удирдаж байсан холбооноос гаргасан. Тэгэхлээр Ү.Хүрэлбаатар өөрийн холбооныхоо гаргасан шийдвэрт хариуцагч болж шүүхэд очоогүй гэсэн үг.

-Наадмаар эрхээ сэргээлгэсэн таван бөхийн барилдах эсэхийг яаж шийдэх гэж байна вэ?

-Бидний хувьд шүүхийн шийдвэрийг дагах ёстой учраас барилдуулах шийдвэр гаргасан. Наадмаар барилдах эсэхийг ирэх Даваа гарагт тэргүүлэгчдээ хуралдуулж байж шийднэ.

Бөхчүүд олноороо эсэргүүцэж санал бодлоо хэлж байгаа учраас шүүхийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах боломжтой.

Ч.Санжаадамба: Улсын цолтой бөхчүүд гарын үсгээ цуглуулж байгаа

-Хэрэв допингтой бөхчүүдийг улсын наадамд барилдах шийдвэр гарвал та улсын наадамд барилдах уу?

-Миний хувьд эдгээр бөхийн эрхийг хассан хугацаа дуусаагүй учраас эсэргүүцэж байна. Ер нь ганц би ч биш олон бөх энэ шийдвэрийн эсрэг байгаа. МҮБХ тэргүүлэгчдийн хурлаараа шүүхийн шийдвэрийг баталгаажуулж барилдуулах болсонд гайхсан.

Харин энд ирээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хүмүүстэй уулзаад ойлголоо. МҮБХ-г цаанаас нь шүүх гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд шахдаг юм байна.

Тийм болохоор МҮБХ-ны тэргүүлэгчид дахин хуралдаж шийдвэрээ хэлэлцээд буцааж болох нь гэж ойлголоо. Наадмаар эдгээр бөхийг барилдуулна гэвэл ганц би ч биш бүх бөх барилдахгүй байх. Тиймээс таван хүн гараад барилддаг улсын наадам байж таарахгүй.

-Энэ хуралд бөхчүүд ирнэ гэсэн боловч цөөхөн бөх ирсэн байна?

-Цагийг нь тулгаж зарлаад амжаагүй бололтой. Мөн энэ амралтын өдрүүд бол бөхчүүдийн ачаалалтай бэлтгэлийн үе. Тиймээс бөхчүүд ирж амжсангүй.

Хэрэв Даваа гарагт ахин хурал болно гэвэл бөхчүүд маань ирнэ гэдгээ хэлсэн. Ирээгүй бөхчүүдийн олонх нь допингтой бөхчүүдийг барилдуулахын эсрэг байр суурьтай байна.

-Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж бөхчүүд гомдол гаргаж болно гэсэн. Гомдол гаргах уу?

-Бид улсын цолтой бөхчүүдийн дунд гарын үсэг цуглуулж эхэлсэн. Одоогоор 40 гаруй хүн гарын үсэг зурсан. Ямартай ч үүнийгээ хэрэглэж болох байх.

-Гарын үсэг зурсан бөхчүүдийг нэрлэж болох уу?

-Улсын аварга С.Мөнхбат, Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва, гарьд Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ гэх мэт одоо барилдаж байгаа том цолтнуудаас эхпээд гарын үсэг зурж байна.

Зураг