Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Баянзүрх хайрхны өвөр бэлийг тэсэлж хайрга дайрга олборлох эрхийг хэн олгов

М.Мөнхтунгалаг, Үндэсний шуудан
2019 оны 6 сарын 27
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нүд баясаж сэтгэл тэнийсэн бүтээн байгуулалт болно хэмээн Гачууртын уулзвараас Налайх, Чойрын чиглэлийн дэд бүтцийн ажлыг сайшаасан олон хүн бий. Зураг төслийнхөө дагуу болж чадвал үнэхээр ойрд бүтээн босгоогүй томоохон хөгжлийн зам болно.

Гэвч хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөх хачин муухай үйлдэл хийж байгааг энэ удаад бид хөндөж байна. Хивс дэлгэсэн мэт нам гүм ногоон хөндийд тэсэлгээ хийж том том машин техникүүд холхиж Баянзүрх хайрхны урд бэлд цагаан тоос манарч байна.

Хайрхан уул хэмээн Баянзүрхчүүд төдийгүй нийслэлийн иргэд “Ургах наран” хорооллын цаахна сүндэрлэх уулаа тахидаг. Цагаан сарын шинийн нэгний билигт өдөр эрчүүд Баянзүрх хайрхандаа мөргөж сүү, цагаагаа өргөдөг. Хүсэл биелүүлдэг хэмээн бэлгэшээдэг тус хайрхан уул руу аялагч, иргэдийн цуваа жил бүр нэмэгддэг учраас Баянзүрх дүүрэг 50 жилээ угтаж нэлээд бүтээн байгуулалт хийж байлаа. Тухайлбал, тус бүсийн замыг сайжруулан засаж, 1,400 метр газарт явган хүний зам, шат хийсэн юм.

Хайрханы оройн хэсэгт 100 хүний ном хурах зориулалтын талбайг хийж, гэрэлтүүлэг, амрах сандал, хогийн савыг байршуулсан ажлыг бид мартаагүй. Түүнчлэн 50 гаруй авто машины зогсоол барьж, борооны ус зайлуулах даланг шийдэж, улиас, хайлаас зэрэг нийт 120 гаруй мод тарьж байлаа.

“Баянзүрх хайрхан” нь нийслэл хотыг тойрон хүрээлдэг сүлд тахилгат дөрвөн уулын наран ургах зүгт оршдог нохой савдагтай их хайрхан гэгддэг. Намсрай бурхны нэг хор буюу дагуул сахиус, газар усны эзэн Цагаан өвгөн оршдог тул эд баялгийг эрхшээж сүлд хийморь, цог жавхааг дэлгэрүүлэн үйлс бүхнийг бүтээдэг хэмээн бэлгэшээж эрт үеэс эхлэн бидний өвөг дээдэс идээ будаа, цай сүүний дээж, айраг цагаа өргөн тахин шүтэж ирсэн түүхэн уламжлалтай уул. 

Үе дамжин шүтэж ирсэн уулын бэлд тэгвэл өдгөө үе үе тэсэлгээ хийгдэж хайрга дайрга олборлолтын ажил хийгдээд нэгэнт эхэлжээ. Өдөр шөнөгүй холхих том том техникүүд, шанага шанагаар нь шороо ачих экскаваторын дуу энэ хөндийд хадаж байна. Хүний залбирал, жигүүртний нисэх чимээнээс өөрөөр аниргүй ногоон талыг ухаж сэвтээх эрхийг хэн олгов оо. 

Бурхдын шүншигтэй хайрхан уулаа ухаж яаж чадаж байна аа. Ийм хүйтэн, харгис, байгалиа гэх сэтгэл зүрхгүй үйлдэл хийх боломжийг хэн олгов. Нэг ажил хийх нэрээр нөгөөгөө сүйтгэдэг муухай зангаа бид хэзээ засах вэ.

Уул ухах эрх олгох нь бүү хэл усны аманд байгаа айлаа нүүлгэх гэхээр газар өгдөггүй эрх мэдэлтнүүдтэй улс шүү дээ, бид. Онгон дагшнаараа байсан уулаа сүйтгэж гоё замтай болох арга сэдэж сууснаас авто замгүй амьдарсан нь дээр байжээ. Бид Дархан цаазат Богдхан уулаа ховор болон нэн ховор ан амьтан амьдрах нөхцөлгүй болтол нь ухаж, урд хойноос нь хашаалж хаус босгож байшин барилгаар хэрээд дууссан. Гэтэл одоо шүтэж залбирдаг хайрхан уулуудаа сэндийчиж өвөр бэлд нь өрөм, шанага зоогоод тэсэлж дэлбэлээд эхэлжээ.

Үе дамжин шүтэж залбирсан энэ уулыг бидний өвөг дээдэс ухаж шороо чулуугаар нь зам, барилга босгох нь бүү хэл залбирахдаа ганц өөрийн хэргийг бус “хамаг амьтны тусыг бодон газар лусын хорлол, ган зуд, аянга цахилгаан, аадар бороо, цаг бусын өвчин, салхи шуурга, гэнэтийн осол, хар цагаан хэл ам, урьдын үйлийн үр, өр төлөөс бүхнээс гэтэлгэж санасан хэрэг тус бүхнийг минь номын ёсоор бүтээж, сүлд хийморь, цог жавхааг бадраан буян хишгийг дэлгэрүүлж хайрла” хэмээн залбирдаг байжээ.

Одоо бид болон бидний хойч үе энэ бүхнээ даатган залбирч сэтгэлийн хирээс салах хайрхан уулгүй боллоо. Хайран чиг бүтээн байгуулалтын үнэ цэн авто замын бүтээн байгуулалтын салхин дунд хийслээ. Дөрвөн уулаа шүтэж ирсэн монголчуудын сүсэг бишрэлийг хэн нэгэн даргын тушаалаар ийн нураан дэвсэлж болох уу. 

Бид уул уурхай гэх нэрийдлээр уулаа, дов толгод, нутаг усаа зөндөө сүйтгэж ухсан. Үүний жишээ болсон олон сайхан газар өдгөө сарны гадаргуу шиг болчихсон нөхөн сэргээж чадахгүйгээ болчихсон жишээ дүүрэн бий. 

Нөхөн сэргээлээ ч унаган төрхөд нь оруулж чадахгүй, байгалийн ийм шарх хэдэн зуун жил эдгэрдэггүйг дэлхийн байгаль хамгаалагчид баталчихсан. Гэтэл бид эрүүл, онгон газар нутгаа сэтгэл өчүүхэн ч зовохгүйгээр ухаж сүйтгэх суугаа нь зүйд нийцэх үйлдэл мөн үү. Ингэж шүтлэгт хайрхныг минь ухах эрх олгож гарын үсэг зурж суугаа дарга нь хэн бэ. 

Гэтэл энэ сүрлэг сайхан хайрхан уул нь зүүн талаасаа уул толгодоор халхлагдсан, хойд талаараа модтой уулсаар хүрээлэгдсэн, баруун хойд талдаа Туулын бургасан тохойтой. Алсаас харахад зүрх хэлбэртэй учраас Баянзүрх хайрхан уул хэмээн олонд шүтэгдсэн. 

Эртнээс нааш цэрэг эрс, эрэгтэй хүмүүст ээлтэй хэмээгддэг. Тийм ч учраас Хужир булангийн цэргийн анги байрлаж олон агт адууг идээшүүлж иржээ. Тус уулын булгаас хойших хэсгийг Гандан уул хэмээн нэрлэдэг бөгөөд “Гандан уулын цэцгийг гандана чиг санасангүй, Ганьхарсан хоёр сэтгэлийг гажна чиг санасангүй” хэмээн өвөг дээдэс минь дуулсаар ирсэн. 

Ар Баянзүрх хайрхны ой дотор нэгэн байшингийн туурь бий хэмээн түүхчид ярьдаг. Тус түүхэн туурийн талаар тодруулбал, 1920 онд Барон Унгерн нийслэл хүрээг эзлэхийн өмнө энэ байшинд түр байрлаж байсан нь өдгөө туурь нь үлдсэн болохыг тэмдэглэжээ.

Тус уул нь Дархан ван Пунцагцэрэнгийн хошуунд харьяалагддаг байсан учир Жанчивлангийн хүрээний лам нар ирж тахилга үйлддэг байжээ. “Эд агуурсыг хур мэт буулгадаг эзэнтэй” учраас баяжих дэвжихэд сайн хэмээн үзэж “Баян болъё гэвэл Баянзүрхийг тахь” хэмээн хэлэлцдэг байжээ.

Ийм түүхэн уулын энгэрээ Нийслэл, Чойрыг холбосон замтай болохын тулд ухаад эхэлсэн нь даанч хайран. Өвөр бэлээс нь нэгэнт ухаж хайрга, дайрга олборлоод эхэлсэн бизнесийн компани, барилгынхан хар шороонд нүдээ ухаад өгөхөөс сийхгүй болдгийг бид Хан-Уул дүүргийн XI хороо Шувуун фабрикийн хар түүхээс мэднэ. Нэгэнт ухаад эхэлсэн бол хайрга, дайрагчид хамгийг дуусгаж байж санаа нь амардаг. Ийн ухаж явсаар хайрхны эх бие болсон шаттай уулаа дуусгах вий гэсэн халаглал харамсал дүүрэн сэтгэлээр ийнхүү эрхэм дээдсүүдэд хаяглаж бичив. 

Хотын дарга С.Амарсайхан та үүнд анхаарлаа хандуулна уу. Нийслэлийн өрх гэрийн тэргүүн та дөрвөн хайрхан уулыг минь амь бөх оршооход сэтгэл гаргаач. Бид яаж ядуурч, хөгжил цэцэглэлт ярьж дээгүүр сэвлээ ч Дархан цаазат уул, төрийн тахилгатай уул, нийслэл тойрсон дөрвөн хайрхан уулаа оролдохгүй байвал сайнсан. 

Амин хувь, олз ашиг хайсан ганц нэгхэн дарга, тендер авч ажил хийж байгаа өвөрлөгч компанийн ажлыг хөнгөвчилж зардал мөнгийг хэмнэх гол объект нь үе дамжин шүтэгдсэн хайрхан уул минь байж болмооргүй. Шүтээн уул руу минь хүрз жоотуу баригсдыг бид дараа дараагийн нийтлэлээрээ нэрлэж ил болгох болно.

Үргэлжлэл бий...

Зураг