Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

“Ядуу хүн гэж байдаггүй. Ядуу улсад амьдардаг хүмүүс л гэж бий”

Т.Саран, iKon.mn
2019 оны 6 сарын 25
iKon.MN

Энэ сард зохион байгуулагдсан онцлох томоохон нэгэн арга хэмжээ яахын аргагүй Liberty International олон улсын хурал байлаа.

Зургаадугаар сарын 6-9-ны хооронд Монголд анх удаа зохион байгуулагдсан тус хурлын гол зорилго нь чөлөөт нийгэм, эдийн засгийн үзэл санааг дэлгэрүүлэх байсан бөгөөд чөлөөт нийгэм, эдийн засгийг дэмжигч хүн бүрийн заавал очих үйл ажиллагаа байсан гэдгийг тодотгох нь зөв болов уу. Учир нь тус арга хэмжээнд дэлхийн 20 гаруй улсын 30 гаруй нэрт эдийн засагч, профессор, бизнесмэн цаашлаад олон улсдаа танигдсан нэр хүндтэй эрхмүүд ирж илтгэл тавьж 100 гаруй хүн оролцсон юм.

Олон улсын хурлын эхний хоёр өдрийн зарим нэг онцлох сэдвээс дурьдвал, “Засгийн газар ба бизнес эрхлэлт”, “Хар тамхины дайн”,  “Санхүүгийн технологи ба дижитал оролцоо” гэх зэрэг өргөн цар хүрээнд үргэлжилсэн. Нэгэн онцлох илтгэгч бол яахын аргагүй Зөвлөлтийн засгийн газар буюу Михаил Горбачевийн үед эдийн засагчаар ажиллаж байсан одоогоор АНУ-ын Висконсон мужийн Корфегений коллежийн эдийн засгийн профессор Юрий Н.Малцев байсан юм.

 

Хурлын гурав болон дөрөв дэх өдрүүдэд мөн олон сонирхолтой илтгэл хэлэлцэгдэж байснаас, АНУ-д байрлах бидний сайн мэддэг, зохиолуудыг нь унших дуртай Айн Рэндийн нэрэмжит институтийн ерөнхийлөгч Ярон Брүүк, Япон улсаас нягтлан бодогчдын институтээс академийн шагнал хүртсэн судлаач Хироши Ёшида, Атлас Нетворкийн олон улсын хөтөлбөрийн дэд ерөнхийлөгч Том Палмер, Либерти интернэшнл байгууллагын ерөнхийлөгч Кен Скүүллэнд гээд дурдаад байвал олон эрхэм бий.

 
 
 

 “Liberty Summit 2019” нэрэн дор зохион байгуулагдсан тус олон улсын хурлын нэг салбар хурлын онцлохгүй байхын аргагүй нэг эрхэм бол алс холын Венесуэл улсаас Монгол улсыг зорин ирсэн ноён Педро Өррөчөртө байлаа. Тэрбээр Венесуэл улсад чухам юм болж байгаа тухай, тэд эрх чөлөөний төлөө яаж тэмцэж байгаа талаар хуваалцаж, олон цочирдом тоо баримт, статистик, мэдээ мэдээлэл, зураг видеог хуралд оролцогчидтой хуваалцсан нь олон хүний сэтгэлийг тавгүйтуулсан юм.

 

 “Дэлхийн олон улс орон биднээс суралцаасай, бидний гаргасан алдааг битгий давтаасай” гэж Педро Өррөчөртө ярьж байсан юм.

Венесуэлийн алдарт “Халтар царайт” цувралыг үзээгүй монгол хүн ховор. Тэр үед бид ингэж амьдарч болдог гэж үү?  хэмээн тус улсын хөгжлийг гайхаж байсан бол төр засгийн явуулж буй буруутай үйл ажиллагаанаас болж өндөр хөгжилтэй байсан Венесуэл улс өнөөдөр ямар нөхцөл байдалд хүрснийг харж байна.

Түүнчлэн “TFT” үйл ажиллагааны үүсгэн байгуулагч  Ли Скүүлланд илтгэлдээ “Ядуу хүн гэж байдаггүй. Ядуу улсад амьдардаг хүмүүс л гэж бий. Харин улс орон ядуу байгаа нь засгийн газартай холбоотой” гэж тодотгов.

 

Энэ жилийн хурал бизнес болон инновац сэдвийн дор явагдсанаараа өмнөх жилүүдийн хурлаас илүү онцлог байсан бөгөөд залуучуудад чөлөөт эдийн засгийн ойлголтыг олгох, орчин үеийн бизнес инновацийн шинэ тренд хандлагуудыг таниулах, мөн чөлөөт нийгмийн үнэ цэнийг ойлгуулж сануулах байсан гэхэд болно. Тиймээс ч оролцогч залуус одоогийн монголын нийгэм, эдийн засгийн талаарх асуултыг гадаадын зочид төлөөлөгчдийн туршлага дээр тулгуурлан асууж, үзэл бодлоо солилцож байсан.

 
 
 
 
 
 

Ингээд дөрвөн өдөр амжилттай зохион байгуулагдсан Liberty International олон улсын хурлын хаалтын арга хэмжээ Чингис Хааны Хүрээ жуулчны баазад болж, зохион байгуулагч болох Торгоны зам сан, Мизес Монгол, Алтан тариа ХХК гаднын зочиддоо Монгол өв соёлыг таниулах үүднээс бэсрэг наадмыг, Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчидтэй хамтран зохион байгуулсан бөгөөд үзүүлбэр бүр нь зочдыг баясгаж бас гайхшруулж байсан нь илт байлаа.

Арга хэмжээний үеэрх зургуудаас:

Liberty International олон улсын хурал нь өмнө нь дэлхийн 34 улсад зохион байгуулагдсан нэр хүндтэй арга хэмжээ. Энэхүү хурлыг Монголд зохион байгуулах эрх авсан Торгоны зам сангийн хамт олон чамгүй том давааг давж, ирсэн зочдоо хөгжөөх зорилгоор хурлын үеэр станд ап комеди, урлагийн номерууд зэрэг олон жижиг сюрпризуудыг бэлдэж, өмнөх хурлуудын хэв маягийг эвдсэн нь энэ жил Монголыг зорин ирсэн зочдод ихээхэн таалагдсан нь тэдний нүүрэн дээр тодрох баяр баясгалангаас харагдаж байсан юм.

 

Энэхүү арга хэмжээ нь нэг дор олон эх сурвалжаас мэдээ мэдээлэл олгохоос гадна залуучуудад нетворкинг хийж, танилын хүрээгээ тэлэх боломжийг өдөр бүр олгож байсан нь олзуурхууштай.

Ташрамд дурдахад, дараа жилийн буюу 36 дахь удаагийн Liberty International олон улсын хурал нь Колумб улсад зохион байгуулагдахаар тов нь гарчээ.