Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун, Дональд Трамп нар хоорондоо “сайхан захидал” солилцсоор байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампаас захидал хүлээж авсан тухай тус улсын төв хэвлэл өчигдөр мэдээлжээ.

Ким Жон Ун “гайхалтай сайхан захидал” хүлээж авснаа хэлээд “захидлын сонирхолтой агуулгыг сайтар нягталж үзэх”-ээ илэрхийлсэн гэж уг мэдээнд өгүүлсэн байна.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Дональд Трампаас Умард Солонгосын удирдагчид захидал илгээснийг баталсан ч хэзээ, ямар замаар Пёньянд хүргэсэн талаар дэлгэрүүлж мэдээлээгүй юм.

Энэ сарын эхээр Ким Жон Унаас “сайхан захидал” хүлээж авснаа Трамп сэтгүүлчдэд ярьж байсан. Энэ оны хоёрдугаар сард Вьетнамын нийслэлд болсон хоёр удирдагчийн уулзалтаас хойш Америк-Умард Солонгосын цөмийн хэлэлцээ зогсонги байдалд ороод байна.

Тэр үеэс хойш хоёр орны харилцааны гол хэрэгсэл нь захидал болоод байгаа. Вашингтон Умард Солонгосыг цөмийн зэвсгээсээ бүрэн ангижрах хүртэл эдийн засгийн хоригоо суллахгүй гэсэн байр суурьтай байгаа бол Пёньян хоёр талаас алхам алхмаар буулт хийх санал тавьж байгаа гэдэг.

Гэхдээ сүүлийн үед АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагчийн талаар ам сайтай байгаа нь цөмийн яриа хэлэлцээнд ахиц гарч байгааг харуулж байж магадгүй юм.

 

Эх сурвалж: BBC