Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп: Хэрвээ Жон Болтоны үгийг дагавал бид бүх дэлхийтэй байлдах байсан

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Дональд Трамп: Хэрвээ Жон Болтоны үгийг дагавал бид бүх дэлхийтэй байлдах байсан
Sara, ikon.mn - text to speech

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг Америкийн хамгийн дайнч улс төрчдийн нэг гэдэг.

Рональд Рейган, Жорж Буш нарын засаг захиргааны үед Цагаан ордонд ажиллаж байсан түүнийг хилийн чанадад АНУ-ын явуулсан хэд хэдэн байлдааны ажиллагааны гол санаачлагч гэж үздэг юм.

Өнөөдөр Иран, Умард Солонгос, Венесуэльтэй дайсагналцаж байгаа цаг үед Жон Болтоны нөлөөгөөр улс хоорондын мөргөлдөөн гарахаас олон хүн болгоомжилж байна.

Тэгвэл Дональд Трамп өчигдөр “Meet the Press” ярилцлагын хөтөлбөрт оролцохдоо Жон Болтоны дайнч чанарыг батлан ярьжээ.

Хөтлөгч Чак Тод ерөнхийлөгчөөс түүний зөвлөхүүдийн зарим нь “Ираны эсрэг дайн хийлгэхээр ятгаж байгаа” эсэхийг асуухад Трамп “Манай хүмүүсийг тагтаа ба харцага гэсэн хоёр бүлэгт хувааж болно. Жон Болтон бол гарцаагүй харцага. Хэрвээ бүх зүйл түүний үгээр явбал тэр нэг далайлтаар дэлхийг эзлэх байлаа” хэмээн хариулсан байна.

Гэхдээ үүнд санаа зовох хэрэггүй, аль алиных нь санааг тэнцүү сонсож шийдвэр гаргадаг гэж Трамп ярьжээ.

Өчигдөр Израйльд ажиллаж байгаа Жон Болтон Тель-Авивт болсон арга хэмжээний үеэр үг хэлэхдээ “АНУ-ыг дутуу үнэлж болохгүй”-г Ираны талд анхааруулсан байна.

Өнгөрсөн онд Цагаан ордонд томилогдож ирсэн Жон Болтоныг Иран, Венесуэлийн дэглэмийг түлхэн унагаах төлөвлөгөөг боловсруулж буй гол хүн гэлцдэг.