Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин Оросын нисэх онгоцнуудыг Гүржийн чиглэлд нисгэхийг хориглолоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 22
iKon.MN

Гүржийн нийслэлд Оросын эсрэг хөдөлгөөн өрнөсний дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улс руу иргэний нислэг үйлдэхийг хориглох зарлигт гарын үсэг зуржээ.

“2019 оны долдугаар сарын 8-наас эхлэн Гүржийн чиглэлд Оросын агаарын тээврийн компаниудын нислэгийг түр хугацаагаар хориглож байна” гэж Кремлийн вэб хуудсанд өчигдөр нийтлэгдсэн зарлигт өгүүлсэн байна.

Пүрэв гарагийн орой Гүржийн нийслэл Тбилисид эхэлсэн иргэдийн тэмцэл Баасан гарагт үргэлжилж, парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө зарлах, эрх баригч намын олигарх лидерийн эрх мэдлийг хязгаарлахыг шаарджээ.

 

Цагдаа нартай мөргөлдөх үеэр 240 орчим хүн бэртэж, гэмтсэн байна.

Пүрэв гарагт Оросын парламентын гишүүн Тбилисид болж байгаа олон улсын парламентын чуулганд оролцохдоо Гүржийн парламентын спикерийн суудлаас орос хэлээр үг хэлсэн нь тэмцэл эхлэх шалтгаан болсон юм.

Парламент дахь сөрөг хүчнийхэн Оросын улс төрч Сергей Гавриловыг спикерийн суудлаас буухыг шаардаж, энэхүү үйл явдлын дүрс, зураг сошиал орчинд тарснаар удалгүй 15,000 орчим хүн парламентын ордны гадаа цугларсан байна. Гаврилов нь ОХУ-ын Думын дэд дарга, Коммунист намын гишүүн юм.

 
Баруун гар талд Гүржийн спикерийн суудалд суусан Сергей Гаврилов

Гүрж, Орос хоёр улс Абхаз, Өмнөд Осетийн газар нутгийн асуудлаас болоод олон жилийн турш дайсагналцаж байгаа. 2008 онд Оросын цэрэг эдгээр бүс нутгуудад нэвтэрч, Гүржийн армитай дайтаж байв.

Үр дүнд нь Абхаз, Өмнөд Осетийн бүс нутаг Гүржээс салан тусгаарлаж, Москва бие даасан улс болохыг нь хүлээн зөвшөөрсөн юм. Одоо энд Оросын цэргийн бааз байрладаг.

Парламентын ордон руу тэмцэгчид нэвтрэх гэж оролдсоны дараа чуулган цуцлагдаж, Гаврилов тэргүүтэй Оросын төлөөлөгчид нутаг буцсан байна. Тэд 1994 онд Грект анх бий болсон Үнэн алдартны шашинтан улсуудын парламент хоорондын чуулганд оролцохоор Гүржид ирээд байжээ.

Тэмцэгчид Гүржийн эрх баригч эвслийн гол удирдагч, тус улсын хамгийн баян хүн гэгддэг Бидзина Иванишвилигийн эрх мэдлийг хязгаарлахыг шаардаж байгаа юм.

 

2012-2013 онд ерөнхий сайдын албыг хашиж байсан тэрбумтан Иванишвилиг далдаас улс орныг удирдаж, бизнесийнхээ эрх ашгийн төлөө Кремлийн нөлөөнд Гүржийг оруулж байна хэмээн буруутгаж байна. Өчигдөр бас Оросын улс төрчид суудлаа ашиглуулсан парламентын спикер тэмцэгчдийн шаардлагаар албан тушаалаасаа огцорсон юм.

ОХУ-ын гадаад хэргийн яам Тбилисид болж буй үйл явдлыг “Оросын эсрэг үзлийг дэвэргэсэн өдөөн хатгалга” гэж нэрлээд харамслаа илэрхийлжээ.

Гүржийн ерөнхийлөгч Саломе Зурабишвили парламентын даргын суудлаас орос хэлээр үг хэлсэн Гавриловын үйлдэл “улс орны нэр хүндэд халдсан” явдал гэж нэрлээд “Гэхдээ энэ нь парламентын ордонд халдаж, засгийн газрыг унагах гэсэн төрийн эсрэг үйлдлийг зөвтгөх шалтгаан биш” гэж анхааруулсан юм.

Гүржийн ерөнхийлөгч асан, одоо Украины иргэн болсон Михайл Саакашвили тэмцэгчдийг дэмжиж байгаагаа илэрхийлээд “Иванишвилигийн дэглэм эрх мэдлээсээ татгалзах ёстой” гэж өчигдөр тараасан видео мэдэгдэлдээ өгүүлжээ.

 

Эх сурвалж: AFP