Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп хэдэн хүний амь үрэгдэхийг сонсоод Иранд цохилт өгөх шийдвэрээ цуцалсан гэнэ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Пүрэв гарагт АНУ-ын армийн дроныг Ираны зэвсэгт хүчин унагасны дараа Трампын засаг захиргаа хариу цохилт өгөхөөр бэлдэж байсан ч эцсийн мөчид больсон гэх мэдээлэл тараад байгаа.

Тэгвэл Дональд Трамп ямар шалтгаанаар шийдвэрээ цуцалсныг өчигдөр мэдээлжээ.

АНУ дроныг олон улсын агаарын орон зайд нислэг үйлдэж байсан гэж үзэж байгаа бол Ираны тал дроныг өөрийнх нь хилд нэвтэрсэн гэж буруутгаж байгаа юм.

Вашингтон үүний хариу болгож Ираны радар, пуужингийн гурван баазад агаараас цохилт өгөх гэж байсан ч 10 минутын өмнө шийдвэрийг цуцалжээ.

“Хэдэн хүн үхэхийг би асуусан. Манай генерал надад 150 орчим гэж хэлсэн” гэж Трамп твиттер хуудсандаа бичсэн байна. Энэ нь нисгэгчгүй ганц дроныг унагасантай харьцуулахад хэтэрхий тэнцвэргүй хариу арга хэмжээ болох байсан тул шийдвэрээ цуцалсан гэж тэр бичсэн байна.

Дроныг унагасны дараа Дональд Трампын байр суурь илүү шийдэмгий байсан юм. Тэр уг мэдээллийг авмагцаа “Иран том алдаа хийлээ!” хэмээн твиттер хуудсандаа мэдэгдэж, дараа нь Цагаан ордонд үг хэлэхдээ “Үүнийхээ төлөө энэ улс зүгээр өнгөрөхгүй гэдгийг би хэлмээр байна” гэж байжээ.

Гэвч сүүлд Трамп дууны өнгөө зөөлрүүлж, дроны халдлагыг Тегеран санаатай үйлдээгүй, Ираны армийн хэн нэг офицер өөрийн үзэмжээр бие дааж шийдсэн байх гэж таамаглаж байгаагаа ярьж байв.

Ираны хувьсгалт гвард өчигдөр улсынхаа хилийн хамгаалалтыг чангатгах арга хэмжээ авч байгаагаа мэдэгджээ. Өчигдөр бас Ираны гадаад хэргийн яам Тегеран дахь Швейцарийн элчин сайдыг дуудаж, албан ёсны эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

1979 онд исламын хувьсгалаас хойш Иран, АНУ-ын хооронд дипломат харилцаа тасарсан тул Швейцарийн элчин Вашингтоныг энэ улсад төлөөлдөг юм.

Өчигдөр бас Ираны төв телевиз АНУ-ын устгагдсан дроны үлдэгдэл болох металл хэсгүүдийг үзүүлсэн байна. Үүнийг Ираны хил дотрох тэнгисийн уснаас гаргасан гэж уг мэдээнд тайлбарлажээ.

 

Эх сурвалж: AFP