Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Хотын дарга түрээсийн орон сууцад орох хүсэлтэй иргэдийг дөрвөн нөхцлөөр харгалзаж үзнэ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

БХБЯамнаас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, нийслэлд 16 мянган айл, аймгийн төвүүдэд 4,000 айлын түрээсийн орон сууцын санг төр, орон нутаг, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа билээ.

Харин түрээсийн орон сууцыг иргэдэд өмчлүүлэх журам батлагдаад удаагүй байгаа юм. Тиймээс тус журмын талаарх тайлбар болоод тус хөтөлбөрт иргэд яаж хамрагдах тухай албаны хүмүүсээс өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр тодрууллаа.

Одоогоор түрээсийн санд 3,000 орчим айлын орон сууц байна

 
Гэрэл зургийг mpa.mn

БХБЯамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Тогтвортой ажил орлоготой ч 30 хувийн урьдчилгаагаа төлөөд ипотекийн зээлд хамрагдах бололцоотой иргэд харьцангуй цөөрсөн.

Засгийн газрын хуралдаанаар “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ыг хэлэлцэн батлаад удаагүй байна. Энэ журамд иргэд өөрсдийн түрээсэлж буй орон сууцыг тухайн орон сууцны эзэмшигчтэй тохиролцон гэрээ байгуулсны үндсэн дээр тав хүртэл жилийн хугацаанд нийт төлбөр, эсвэл урьдчилгаа төлбөрийг бүрдүүлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон. 

Түүнчлэн иргэдээс төлсөн төлбөрийг зөвхөн түрээсийн орон сууцын санг нэмэгдүүлэх зардалд зарцуулахаар тусгаад байна. Өөрөөр хэлбэл тус журмаар бол таван жил хүртэлх хугацаанд түрээсэлнэ.

Тухайн иргэн анх тэр орон сууцыг түрээслээд орох хүсэлт гаргасан тохиолдолд түрээсийн 70 хувь нь хөнгөлөгдөж, 30 хувийн түрээс төлөөд үлдэгдлээ урьдчилгаандаа цуглуулж, таван жилийн дараа ипотекийн зээлд хамрагдаж болно гэсэн үг. Үгүй бол таван жилийн хугацаанд тухайн байрныхаа мөнгийг хувааж төлөөд шууд өмчилж авах боломжтой.

Одоогоор түрээсийн санд 3,000 орчим айлын орон сууц байна. Мөн өмчилж авах хүсэлт иргэдээс ирж байна. Ойрын хугацаанд энэ хүсэлтүүдийг шийдээд цааш явах нөхцөл бүрдсэн” гэв.

Түрээсийн орон сууц гэсэн хөтөлбөр дотор хоёр вариант бий

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Ж.Баделхан “Түрээсийн орон сууц гэсэн хөтөлбөр дотор хоёр вариант бий. Түрээсийн орон сууц нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн байх ёстой. Гэхдээ одоо хүртэл төсвийн мөнгө нь төлөгдөөгүй байна.

Харин одоогийн гурван аймгийн 570, Улаанбаатар хотын 972 айлын барилгууд төсвийн хөрөнгө оруулалтаар биш, Монгол Улсын Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр  баригдсан барилгууд юм. Манай яам тус барилгыг ашиглалтад оруулж өгсөн. Одоо хотын даргад хүлээлгэж өгнө. Харин хотын дарга Хөгжлийн банктай гэрээгээ байгуулж энэ зээлийг таван жилийн дотор төлүүлнэ гэсэн Засгийн газрын тогтоол шийдвэр гарсан.

Энэ бол хотын захиргааны эрх мэдлийн асуудал. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүргийг одоо хотын дарга хариуцаж ажиллаж, өөрийн эрх мэдлийн хүрээнд түрээсийн орон сууц олгох журам гаргаад энэ асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг.

Ингэхдээ, Хотын дарга түрээсийн орон сууцад орох хүсэлтэй иргэдийг дөрвөн нөхцлөөр харгалзаж үзнэ. 

  1. яндан бууруулах буюу гэр хорооллын өрхөөс оруулна, 
  2. гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон өрхөөс оруулна,
  3. ашиглалтын шаардлага хангахгүй байгаа, барилгаас айл оруулж болно 
  4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон хүүхэдтэй залуу гэр бүл, ахмад настангууд буюу Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон зорилтод бүлгээс оруулна гэж заасан” гэлээ.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2019 онд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Говь-Алтай аймагт 120, Хөвсгөл аймагт 135, Орхон аймагт 315, Улаанбаатар хотод нийт 972 айлын 1,542 түрээсийн орон сууцны санг шинээр нэмэгдүүлэн, энэ сард ашиглалтад оруулаад байгаа юм.