Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Үрийн шингэнээ өгөх сансрын нисгэгч олдохгүй байгаагаас судалгааны ажил саатжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Сансрын алс холын аялал хүний нөхөн үржих чадварт ямар нөлөө үзүүлэхийг Оросын эрдэмтэд судалж байгаа юм байна.

Гэтэл энэхүү судалгааны ажил санаанд оромгүй шалтгаанаар саатаад байгааг эрдэмтэд мэдээлжээ.

Судалгааны ажилд аялалаас өмнө, аялалын үед, аялалын дараа сансрын нисгэгчээс авсан үрийн шингэний дээж хэрэгтэй байгаа юм.

Гэтэл сансрын нисгэгчид бүгд биологийн материалаа өгөхөөс татгалзаж байгаа ажээ. ОХУ-ын Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Био-Анагаахын Хүрээлэнгийн биофизикийн лабораторийн захирал Ирина Огнева өчигдөр энэ тухай РИА Новости агентлагт ярьсан байна. Сансрын нисгэгчид аялалын өмнө ба дараах үрийн шингэний дээжээ өгөхийг зөвшөөрч байгаа ч аялалын үеэр дээж авах хүсэлтийг сонсмогцоо “инээмсэглээд татгалзаж” байгааг тэр ярьсан юм.

Алс холын гарагт хүрэх урт аялалын замд сансрын хорт туяа, жингүйдэл хүний биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг олон улсын эрдэмтэд судалж байгаа. 

Ангараг гарагт хүрэх аялал дунджаар долоон сарын хугацаа шаардана гэж сүүлийн байдлаар тооцоолж байна. Энэ нь өнөөдөр тойрог замд ажиллаж байгаа нисгэгчдийн сансарт өнгөрүүлдэг хугацаанаас бага зэрэг урт хугацаа гэсэн үг юм.

 

Эх сурвалж: РИА Новости