Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

СБД-ийн эмнэлэг сүрьеэгийн эмчилгээг зайнаас хянаж эхэлжээ

Б.Болормаа, iKon.mn
2019 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв энэ оны нэгдүгээр сараас “SKYPE” аппликэшн ашиглан сүрьеэгийн  эмчилгээг зайнаас хянаж эхэлжээ.

Энэхүү үйлчилгээг өргөжүүлснээр эмнэлгийн ачааллыг бууруулж, эмчилгээ таслалтыг багасгах,  сүрьеэгийн халдвар тархахаас сэргийлэх, иргэдээс гарах зардлыг бууруулах  ач холбогдолтой байна.

СБД-ийн ЭМТ-ийн сүрьеэгийн зохицуулагч эмч Б.Ганпүрэв “Өдөрт 119 хүн дүүргийн эмнэлгийн сүрьеэгийн тасгаар үйлчлүүлж, эмчилгээ хийлгэж байгаагийн 37 нь “SKYPE”-аар хянагдаж  байна.

Нийт эмчлүүлэгчийн 8.5 хувь нь  эмчилгээг тасалдуулдаг. Бид ирэх оноос энэ хувийг хоёр, гурван хувь болгож бууруулах зорилготой байгаа.

Эхний 18 өвчтөнд судалгааны аргаар  эмнэлэгт ирэх  унааны  зардал болон зарцуулах хугацааг тооцоолоход нэг хүн эмнэлэг дээр ирж эм уухад хоёр цаг хорин минут зарцуулдаг байсан  бол интернет эмчилгээнд хамрагдсанаар 81 секунд шаарддаг. Мөн ирэх, очих унааны зардлын хувьд 3,500 төгрөг зарцуулагдаж байсан. Түр хугацаагаар гадаадад сурч ажиллаж амьдарч байгаа хүмүүс болон ирж очих боломжгүй иргэдэд интернетээр холбогдож, эмчилгээндээ хамрагдаж байгаа” хэмээв.

Сүхбаатар дүүргийн  Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Иргэн төвтэй дүүрэг” аяны хүрээнд иргэдийн дундах сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн хэмжээнд тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан ажиллах үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэжээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Сүрьеэгийн эмчилгээг цахим сүлжээгээр хянахад шаардлагатай тоног төхөөрөмж \компьютер, телевизор, чихэвч, вэб камер\ агаар шүүгч түргэвчилсэн оношлуур зэргээр хангасан байна.  

Тус дүүргийн хэмжээнд 2018 оны байдлаар сүрьеэгийн диспансерын нийт үзлэг 17,311 буюу өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөн дүнтэй байна.