Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Душанбед болсон дээд хэмжээний уулзалтад Элчин сайд Л.Баттулга оролцов

ikon.mn
2019 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх (CICA) бага хурлын дээд хэмжээний тав дахь удаагийн уулзалт Бүгд Найрамдах Тажикистан Улсын Душанбе хотноо 6 дугаар сарын 15-ны өдөр боллоо.

Ази, Номхон далайн бvс нутгийн энх тайван, аюулгүй байдлын хамтын ажиллагаанд тун чухал үүрэгтэй энэхүү дээд хэмжээний уулзалтад Монгол Улсаас Тажикистан Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

 

Душанбе хотноо болсон дээд хэмжээний энэ удаагийн уулзалтад 30 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөгч оролцсоноос 20 гаруй орны төр засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага зэрэг Азид төдийгүй дэлхийд голлох үүрэг гүйцэтгэж буй томоохон улс орнуудын төлөөлөгчид, улс төрийн лидерүүд хүрэлцэн ирж оролцов. Энэхүү дээд хэмжээний уулзалт нь Ази тивийн аюулгүй байдлын салбар дахь хамгийн өргөн хүрээний олон талт уулзалт бөгөөд үүгээр дамжуулан Азийн орнууд харилцаа холбоогоо эрчимжүүлэх, тус бүс нутгийн аюулгүй байдлыг баталгаажуулах талаар хэлэлцэж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын (CICA) гишүүн орнуудад Азербайжан, Афганистан, Бахрейн, Вьетнам, Египет, Израиль, Иордан, Ирак, Иран, Казахстан, Камбодж, БНКирУ, Монгол, ОХУ, Пакистан, Палестин, БНСУ, Таджикистан, Тайланд, Турк, Узбекстан, БНХАУ, Арабын Нэгдсэн Эмират улс, Энэтхэг зэрэг 27 улс орон байдаг. Энэ нь Ази тивийн хүн амын болон газар нутгийн 90 гаруй хувийг эзэлж байна. Мөн АНУ, Бангладеш, Индонез, Катар, Малайзи, Украйн, Филиппин, Япон зэрэг ажиглагч орон багтдаг.
 

Азид энхтайван, аюулгүй байдлыг хангах замаар хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль бусаар хар тамхи үйлдвэрлэх, наймаалах гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, байгал орчны салбарт хамтран ажиллах, хүмүүнлэгийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх зорилго бүхий АХАИББХ-ын дээд түвшний анхдугаар уулзалт 2002 оны зургаадугаар сарын 4-нд БНКазУ-ын Алматы хотод болж АХАИББХ-ын дүрэм-Алматын Тунхаглал хэмээх үндсэн баримт бичигт гарын үсэг зурж байжээ.

 


Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам