Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн захирагч ард иргэдээсээ уучлал гуйлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр 16:00 цагт Хонг Конгийн захирагч Кэрри Лам тус хотод үүсээд байгаа улс төрийн хямралтай холбоотой хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлж, шийтгүүлэх хуулийн төслийг хэлэлцэхийг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл сүүлийн арав орчим хоногийн турш Хонг Конгийг доргиож байгаа.

Өнгөрсөн Ням гарагт болсон эсэргүүцлийн жагсаалд хоёр сая орчим хүн оролцсон нь Хонг Конгийн түүхэнд байгаагүй үзэгдэл юм. Иргэд хэрэгтэн шилжүүлэх хуулийн төслийг бүр мөсөн буцааж татах, иргэдийн тэмцлийн эсрэг дахин хүч хэрэглэхгүй байхыг амлах, захирагч Кэрри Ламыг огцрохыг шаардаж байв.

Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Кэрри Лам бүх бурууг өөртөө хүлээсэн ч огцрох бодолгүйгээ мэдэгджээ. “Бүх хариуцлагыг би өөртөө хүлээж байна. Хуулийн төсөл манай нийгэмд маргаан, зөрчил, айдас бий болгосон. Үүнийхээ төлөө би Хонг Конгийн бүх ард иргэдээс чин сэтгэлийн уучлал гуйж байна” гэж тэр хэлээд “Надад дахин нэг боломж олгохыг хүсэж байна” гэж мэдэгджээ.

Хуулийн төслийг хэлэлцүүлэх үйл явцыг зогсоосон ч буцааж татах талаар яриагүй юм. Энэ тухай сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Лам “иргэдийн саналыг бүрэн тусгаж, маргааныг эцэслэн шийдээгүй тохиолдолд дахин хэлэлцэхгүй” гэсэн амлалт өгсөн байна.

1997 онд Их Британийн колоничлолоос Хятадын бүрэлдэхүүнд шилжсэн Хонг Конг хот “нэг улс, хоёр систем” зарчмаар бие даасан хууль эрх зүйн системтэй 2047 оныг хүртэл оршин тогтнох тохиролцоотой юм.

Гэвч сүүлийн жилүүдэд Бээжингийн эрх баригчид Хонг Конгийн бие даасан байдалд халдах болсон нь тус хотын иргэдийг бухимдуулж, бас айлгаж байгаа.

Кэрри Ламын санаачилсан хууль батлагдвал Хонг Конгод оргож ирсэн гэмт хэрэгтнүүдээс гадна тус хотын уугуул иргэдийг эх газрын Хятадад шилжүүлж, коммунист дэглэмийн шүүхээр шийтгүүлдэг болох юм.

Хонг Конгийн захирагчийн өнөөдөр хийсэн мэдэгдэл иргэдийн тэмцлийг зогсоож чадах эсэх нь эргэлзээтэй байна.

 

Эх сурвалж: BBC