Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Сая авсан шар хайсыг таван шатлалаар авч үзвэл дунд зэргийнх нь"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төв замд байрлуулсан төмөр хашлагын талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны холбогдох мэргэжилтэн тайлбар өглөө.

Энэ талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн  Г.Билгүүн “2017, 2018 оноос эхлээд ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албанаас одоо байгаа цагаан хайснуудын эвдрэл нь ихдээд зэвэрч муудаад хүрэлцэхгүй байна. Ойролцоогоор 10 мянган метр  хайс, хашлагыг зайлшгүй нийлүүлэх шаардлага байна гэх хүсэлтийг Нийслэлийн Захирагчийн ажлын албанд удаа дараалан ирүүлж байсан юм.

Үүний дагуу 2018 оны Нийслэлийн Засаг даргын А 1,041 дэх захирамжаар нийт 10 мянган метр хайс хашлага нийлүүлэхээс эхний ээлжид 4,820 метр хайс нийлүүлэх төсөв мөнгийг шийдвэрлэж өгсөн. Нийслэлийн Засаг дарга энэ төсөв мөнгийг шийдвэрлэхээсээ өмнө Бээжин хотод айлчлал хийхдээ тус хотод байсан шар хайсны чанарыг нь судалсан юм билээ.

Тэгээд нийслэлээс мэргэжилтнүүд тус хотод байгаа шар хайсыг үйлдвэрлэгч газрууд уруу нь очиж, судалгаа хийж дөрвөн төрлийн үнэ гаргаж ирсэн. Хайснууд нь өнгө үзэмж, чанар, будаг зэргээсээ хамаараад үнэ нь 88-400 юанийн хооронд хэлбэлзэлтэй байсан. Сая авсан шар хайсыг таван шатлалаар нь авч үзвэл дунд  зэргийнх нь юм. Хэрвээ хамгийн сайнаас нь авбал одоо байгаа үнээс хоёр дахин их үнэтэй болно.

Тиймд явж ирсэн хүмүүс маань хашлагыг сайжруулсан ган төмрөөр хийх, дээрээс нь цайрын түрхлэгээр бүрж, зэврэлтээс хамгаалсан будгаар давхарлана. Төмрийн зузаан нь хоёр миллметр байна гэх зэрэг шаардлага тавьсан техникийн тодорхойлолт хүртэл гаргаад нээлттэй тендер зарласан. Үндэсний шуудан сонин дээр тендерийн урилга нь гарсан.

 Дотоодын үйлдвэрлэл эрхлэгчид тендерт оролцох боломж бүрэн байсан ба сар гаруй хугацаанд үнэ болон бусад зүйл дээр нь судалгаа хийгээд оролцож болох байсан. Бидний хувьд дотоодын үйлдвэрлэгчдээ хааж, хашсан зүйл огт байхгүй.

Тавьсан шаардлага нь гаргасан техникийн тодорхойлолтын дагуу хийгээрэй л гэсэн. Ингэснээр чанартай болж, насжилт нь уртсах давуу талтай болох байсан юм. Нээлттэй тендер зарласан сарын хугацаанд ганцхан компаниас манайд үнийн санал ирсэн.

Энэ тавьсан хайс нь гааль, тээврийн татвар, НӨАТ, орлогын албан татвар оролгүйгээр ойролцоогоор 120-130 мянган төгрөгт орж ирсэн. Эцсийн байдлаар агуулахад буугаад бидний гар дээр нэг метр хайс нь 159 мянгаар ирсэн. Алибаба дээр хүртэл тавигдсан байгаа. Одоо үлдэгдэл 5,000 гаруй метрийг нь авахаар болбол компаниуд нээлттэй орж ирээрэй. Хэвлэлийн бага хурал дээрээ хэлээд байсан үнээрээ хийж чадвал Монгол Улсад л хэмнэлттэй” гэв.