Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

АмЧам Монгол, Азийн Сан болон Оюу Толгой ХХК хамтран Бизнесийн ёс зүйн сургалт зохион байгууллаа

ikon.mn
2019 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) нь Азийн Сан болон Оюу Толгой ХХК-тай хамтран Бизнесийн ёс зүй, авилгатай тэмцэх асуудлаар 2019 оны 6-р сарын 13-ны өдрийн Пүрэв гарагын 9:30 цагт Blue Sky зочид буудалд сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтыг АмЧам Монгол болон Азийн Сангийн хамтран хэрэгжүүлж буй “Бизнесийн ёсзүйн шилдэг туршлагуудыг түгээх нь” төслийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд энэхүү төслийн зорилго нь АмЧам Монголын гишүүн компаниудын шилдэг туршлага, эерэг түүхүүдийг сурталчлах замаар Монголд бизнесийн ёс зүйг хөхүүлэн дэмжиж, улмаар авилгын эсрэг соёл ба зан үйлийг нийгэмд, тэр дундаа хувийн хэвшилд бий болгоход үр дүнтэй хувь нэмэр оруулах явдал юм. Уг сургалтаар компанийн гүйцэтгэх удирдлага, худалдан авалт, хууль эрхзүй, болон комплаенс хариуцсан ажилтнуудад Азийн Сангийн 2012 оноос хийж буй авлигын талаарх төсөөлөл, тохиолдлын судалгааны шинэ үр дүнг танилцуулж, бизнесийн ёс зүй, авлига, ашиг сонирхлын зөрчил, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдлэг ойлголт өгч, Оюу Толгой ХХК-ийн ёсзүй, комплаенс, авлигатай тэмцэхтэй болон худалдан авалттай холбоотой дүрэм, журмуудыг танилцууллаа. 

Энэхүү сургалтанд АмЧам Монголын гишүүн болон Оюу Толгой ХХК-ийн ханган нийлүүлэгч жижиг, дунд үйлдвэрийн 40 гаруй компанийн 60 орчим төлөөлөл сургалтанд хамрагдсан юм. Сургалтын үеэр Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлийн менежер Ж. Оймандах оролцогчдод ёс зүй, авлигын хууль тогтоомжийн талаарх мэдээлэл өгч, Оюу Толгой ХХК-ийн Комплаенс хариуцсан мэргэжилтэн Д. Оч, Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн Г.Мөнххуяг нар Оюу Толгой ХХК-ийн ёс зүйн дүрэм болон ханган нийлүүлэлтийн журмын тухай танилцуулж, АмЧам Монголын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс ёс зүй, авлигын эрсдлээс байгууллагаа хэрхэн хамгаалсныг үнэлэх систем болон ёсзүйн жишиг дүрмийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.  

Энэхүү төслийг Канадын Засгийн Газрын тэтгэлэгтэйгээр Азийн Сан санхүүжүүлж байгаа бөгөөд төслийн эхний шатанд АмЧам Монголын гишүүн компаниудын ёс зүйн дүрэм, компанийн ил тод байдал ба тайлан тавих, ашиг сонирхлын зөрчил, авилгатай тэмцэхтэй холбоотой шилдэг туршлагуудыг судалж, тоймлон нэгтгэсэн бол, дараах шатанд энэхүү судалгааг нийтэлж, хувийн хэвшлийнхэнд хүргэж, нийт 4 удаагийн цуврал сургалтыг зохион байгуулж, сургагч багш нарыг бэлтгэх, шилдэг туршлагуудыг цааш нь түгээх ажлуудыг хийсэн болно.

АмЧам Монголын тухай

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.