Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Авлига авсан Өмнөд Солонгосын улс төрч парламентын гишүүний суудлаа алдлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын гол сөрөг хүчин болох Либерал Солонгос Намын улс төрчид дунд шатны шүүхээс оноосон ялыг тус улсын дээд шүүх өнөөдөр хэвээр баталсан тул парламентын гишүүний суудлаасаа огцорч байна.

Гишүүн И Ван Ёнд дөрвөн сар шоронд хоригдох, хоёр жил тэнсэн харгалзах ял оноож, 5 сая воны торгууль оноогоод байгаа юм. Түүнийг 2012 онд орон нутгийн захиргааны албан тушаалтнаас 248 сая вон хүүгүй зээлсэнд буруутгаж байгаа. Энэ нь Өмнөд Солонгосын улс төрийн санхүүжилтийн тухай хуулийг зөрчсөн хэрэг тул албан тушаалын нөлөөгөө ашиглан авлига авсанд тооцогдоно гэж дунд шатны шүүх дүгнээд байсан юм.

Энэ хуулийг зөрчиж, нэг сая воноос дээш хэмжээтэй торгууль хүлээсэн гишүүн парламент дахь суудлаа алддаг журамтай ажээ. 62 настай И Ван Ён бас таван жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших эрхээ хасуулж байна.

Тэрээр парламентад хоёр удаа сонгогдож байсан улс төрч юм.

Авсан зээлээ төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тул мөнгө зээлүүлсэн хүн нь гишүүнийг луйврын хэрэгт буруутган шүүхэд хандаж байжээ.

 

Эх сурвалж: Yonhap News