Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр цацрагийн үүсгүүрийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, битүүмжилжээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас аюулгүйн үзлэг шалгалт, аж үйлдвэрийн салбарт ионжуулагч цацрагийн үүсгүүр ашиглаж буй есөн аж ахуйн нэгж, байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.

Хяналт шалгалтад их эрсдэлтэй нэг, дунд эрсдэлтэй хоёр, бага эрсдэлтэй зургаан байгууллага үнэлэгдэж, нийт 78 зөрчил илрүүлсэн байна. Нийтлэг илэрсэн зөрчлөөс дурьдвал:

“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги нь,

  • Цацрагийн үүсгүүр ашиглах тусгай зөвшөөрөлгүй
  • Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй
  • Цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрмийг мөрдөж ажилладаггүй
  • Цацрагтай холбогдсон үйл ажиллагааны онцлогт тохирсон цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг улсын байцаагчаар хянуулж, баталгаажуулаагүй
  • Цацрагийн үүсгүүрийн ашиглалтын бүртгэл хөтөлж, жилийн эцсийн тооллогын дүн, дотоод хяналтын тайлан мэдээг ирүүлээгүй
  • Цацрагтай ажиллагчдыг цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын сургалт, давтан сургалтад хамруулаагүй
  • Цацрагтай ажиллагчдыг мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлгийн үзлэгт тогтмол хамруулаагүй
  • Дотоод хяналтын ажилтан нь цацрагтай холбоотой үйл ажиллагаандаа батлагдсан хөтөлбөр, удирдамжийн дагуу хяналт тавьж ажилладаггүй

“МИАТ” ХК-ийн Агаарын хөлөг засвар үйлчилгээний газар нь,

  • Цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрмийг мөрдөж ажилладаггүй
  • Цацрагтай холбогдсон үйл ажиллагааны онцлогт тохирсон цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг улсын байцаагчаар хянуулж, баталгаажуулаагүй
  • Дотоод хяналтын ажилтан нь цацрагтай холбоотой үйл ажиллагаандаа батлагдсан хөтөлбөр, удирдамжийн дагуу хяналт тавьж ажилладаггүй байна.

“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги, “МИАТ” ХК-ийн Агаарын хөлөг засвар үйлчилгээний газруудад Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан үйл ажиллагааг түр зогсоох прокурорын гурван тогтоол гаргуулан хоёр цацрагийн үүсгүүрийг цацрагийн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж битүүмжилсэн.

Хяналт шалгалтын үр дүнд тусгай зөвшөөрөлгүй, цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй гурван байгууллагын /“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Эрчим хүчний хөгжлийн төв/ үйл ажиллагааг түр зогсоож, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж, цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагуудыг хангуулсан байна.

Цаашид аж ахуйн нэгж байгууллагууд Цөмийн энергийн тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Засгийн газрын шийдвэр, дүрэм журам, заавар, стандартыг мөрдөж, цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг ханган ажиллаж, Монгол улсын хууль тогтоомжийг зөрчихгүй байхыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: НМХГ