Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

HBO цувралын ачаар Чернобылийг зорих жуулчдын тоо нэмэгдэж байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Украины Чернобыль 2019 оны аялал жуулчлалын нэгэн сонирхолтой чиглэл болох төлөвтэй байна.

Энэ хавар HBO сувгаар цацагдсан “Chernobyl” цуврал үүнд нөлөөжээ. Чернобылийн аялалыг зохион байгуулдаг Украины SoloEast Travel компанийн захирал Сергей Иванчук өнгөрсөн сард хүлээж авсан жуулчны тоо өмнөх оны мөн үеийнхээс 30 хувиар нэмэгдсэнийг мэдээлсэн байна.

Өөр нэг аялал жуулчлалын компани CHERNOBYLwel.com ч бас захиалгын тоо нэмэгдсэнийг баталжээ.

Аялалын хүрээнд жуулчид станцын ойр орчмын байгууламжууд болон гамшгийн үеэр оршин суугчид нь хаяж дүрвэсэн Припять хотоор зочилдог байна.

Хэдийгээр энэ хавийн цацраг идэвхийн хэмжээ буурч, аюулгүй түвшинд хүрсэн ч өнөөдрийг хүртэл эзгүй хэвээр байгаа юм.

 

1986 онд гарсан томоохон цөмийн ослын талаар Зөвлөлтийн үед ярихаас болгоомжилдог байсан бол бодит түүхийг зохиомол үйл явдалтай хослуулсан HBO сувгийн бүтээл Чернобылийг дахин анхаарлын төвд оруулжээ.

Мөн Орос, Өрнөдийн хооронд түүхэн үнэнийг гуйвуулсан эсэх талаар маргаан өрнөж эхлээд байна. Үүнээс гадна Чернобыль орчмын хотуудад шинэ төрлийн бизнесүүд цэцэглэж эхэлжээ.

Жишээ нь Чернобылийн бэлгэдэл бүхий хөргөгчний соронзон наалт, цацраг идэвхтэй гэх зайрмаг, осол болсон газрын савласан агаар зэрэг бүтээгдэхүүнүүд бий болсон байна.

Нутгийн зарим иргэд нацистуудын бөөнөөр хорих лагер, Хирошима, Нагасакитай адил хүн төрөлхтний түүхэнд хараар бичигдэх газар жуулчдад зориулсан зугаа цэнгээний төв болон өөрчлөгдөж байгаад дургүй байгаа ажээ.

 

Эх сурвалж: The Washington Post