Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

40,000 жилийн өмнө амьдарч байсан чонын толгойг Сибирийн мөнх цэвдэгээс олжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Зүүн Сибирийн мөнх цэвдэгээс 40,000 жилийн өмнө амьдарч байсан чонын тасарсан толгойг илрүүлжээ. Маш сайн хадгалагдаж үлдсэн толгой арьс үс, шүдтэйгээ байгаа нь анхаарал татаж байна.

Тиряхтах голын сав дагуу арслан зааны соёо хайж байсан нутгийн иргэд чонын толгойг олсноо Сахагийн БНУ-ын шинжлэх ухааны академид хүргэжээ.

Тус академийн арслан заан судлалын тасгийн захирал Альберт Протопопов өмнө нь мөнх цэвдэгээс чонын бэлтрэгнүүдийн үлдэгдэл олдож байсан бол анх удаа нас бие гүйцсэн чонын толгой олсныг баталсан байна.

 

Одоо эрдэмтэд эртний чонын тархи, гавлын бүтцийг дижитал хэлбэрт оруулахаар ажиллаж байгаа гэнэ. Харин генетикийн шинжилгээг Шведийн Стокгольм дахь эрдэмтдийн баг гүйцэтгэхээр болжээ.

Үүнтэй зэрэгцэн эрт цагт амьдарч байгаад устсан агуйн арслангийн үр төлийн олдворыг судлах ажил үргэлжилж байгааг Протопопов мэдээлсэн байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлын улмаас Сибирийн мөнх цэвдэгүүд хайлж, дотор нь хадгалагдаж үлдсэн эртний амьтдын үлдэгдэл илрэх явдал нэмэгдээд байгаа юм.

Энэ оны эхээр Сахагийн эрдэмтэд 42,000 жилийн өмнө амьдарч байсан шингэн цус, шээсний үлдэгдэл бүхий унаганы олдворыг илрүүлснээ зарлаж байв.

Одоо эрдэмтэд энэхүү унагыг клонын аргаар хувилж, амьдруулах боломжийг судалж байна.

 

Эх сурвалж: CNN