Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп: Бээжин ялж, Вашингтон ялагдаж байна

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан
2019 оны 6 сарын 12
Үндэсний шуудан
Зураг зураг

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өнгөрсөн даваа гарагт “CNBC” телевизэд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

-Бидний хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа. Ойрын хугацаанд ямар асуудлыг шийдэхээр голчлон ажиллаж байна?

-Хамгийн тулгамдаж буй асуудал бол худалдааны маргаан болоод байгаа. Хэрэв бид гаднын орнуудын бараа бүтээгдэхүүнд тариф тогтоохгүй бол улс орнуудад бэлэн олз болох болно. Импортын бараа бүтээгдэхүүнд тариф тогтоогоогүйн улмаас бид жилд дунджаар 800 тэрбум ам.долларын худалдааны алдагдалтай ажиллаж байна. Маш олон орон биднийг давуу талаа болгон ашиглаж байна шүү дээ. Тарифгүйгээр бид ямар ч давуу талгүй болж байгаа юм.

-Өнгөрсөн баасан гарагт та Мексиктэй худалдааны асуудлаар хэлэлцсэн. Гэхдээ одоогоор яг тодорхой зүйл байхгүй байна. “The New York Times” таныг Мексикт тариф ногдуулахаа мэдэгдсэн ч тарифаас зайлсхийхийн тулд юу хийх ёстой талаар тодорхой юм хэлээгүй талаар шүүмжилсэн?

-Вашингтоны зүгээс Мексикт тарифын заналхийлэл үзүүлж буй хэрэг огтхон ч биш. Хоёр улс 20 гаруй жилийн турш энэ асуудлаар хэлэлцэж байна. Мексик болон АНУ-аас импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүнд тариф ногдуулснаар үндэстэн дамнасан томоохон компаниуд эдгээр улсыг орхиж гарах бөгөөд АНУ болон бусад орныг сонгоно. Мексикийн хувьд бол тэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ манай улсад ямар ч тарифгүйгээр борлуулдаг.

Тус улсын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний хамгийн том зах зээл нь АНУ. Мексиктэй хийж буй худалдаанаас Вашингтон жил бүр дунджаар 100 гаруй тэрбум ам.доллар алддаг. Энэ бол нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт, хил дамнасан мансууруулах бодисын хууль бус наймаа. Тиймээс Вашингтоны зүгээс хилийн хамгаалалт шалгалтыг хүчирхэгжүүлэхийн тулд хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлээд байгаа юм.

Би “The New York Times”-д гарсан нийтлэлийг уншсан. Ямар ч утгагүй нийтлэл байна лээ. Энэ бол удаан яригдаж байгаа асуудал. Хэдэн сараас өмнөөс л хууль бус цагаачид, мансууруулах бодисын наймаа, хоёр улсын худалдаанаас АНУ-ын амсаж буй алдагдлын улмаас Мексикт татвар ногдуулахаа мэдэгдэж байсан. Би яг 100 хувь анхааруулсан гэж хэлэхгүй ч 80 орчим хувийн анхааруулга өгсөн гэж бодож байна. Хэрэв Вашингтоны зүгээс Мексикт 25 хувийн тариф ногдуулбал томоохон компаниуд АНУ-д буцаж ирнэ.

-Хятад тарифаас үүдэлтэй алдагдлаа нөхөх зорилгоор юанийн ханшийг бууруулаад байна?

-Тэд юанийн ханшийг бууруулах нь мэдээжийн хэрэг. Тэд өөрсдийн хүссэнээр юанийн ханшийг бууруулах боломжтой нь тэдний хамгийн том давуу тал. Харин бидэнд ингэх боломжгүй. Учир нь бидэнд Холбооны нөөцийн сан байгаа. Хэрэв бид хүссэнээрээ Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүг ихэсгэж багасгавал энэ нь эргээд бидэнд маш хор хөнөөлтэй тусна.

-Холбооны нөөцийн сангийн хурал ирэх 18, 19-нд болно. Хурлаар бодлогын хүүг бууруулах болов уу. Та Холбооны нөөцийн сангийн шийдвэрт нөлөөлж чадах уу?

-Би тэдний шийдвэрт нөлөөлж чадахгүй. Холбооны нөөцийн сангаас сүүлийн үед бодлогын хүүг тогтмол өсгөж байгаа. Яг энэ тохиолдолд л Бээжин ялж, Вашингтон ялагдаж байгаа юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпин улсынхаа Ерөнхийлөгч мөн Төв банкныхаа бодлогод ч нөлөөлөх чадвартай. Өөрөөр хэлбэл, тэр хүссэнээ хийж чадна.

-Энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Японы Осака хотод “Их 20”-ийн уулзалт болно. Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин та хоёрыг уулзаж, худалдааны маргааны асуудлаар хэлэлцэнэ гэсэн таамаг байгаа. Гэтэл энэ асуудлаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас өнөөг хүртэл тодорхой хариу өгөөгүй байна. Харин та “Хэрэв Ши Жиньпин “Их 20”-ийн уулзалтад ирэхгүй бол тус улсын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд нэмэлт тариф ногдуулна гэсэн?

-Тиймээ. Гэхдээ Ши Жиньпинийг уулзалтад оролцоно гэж бодож байна. Ши Жиньпин бол гайхалтай хүн. Тэр маш хүчтэй удирдагч бас ухаалаг хүн. Би хувь хүнийхээ хувьд ч түүнтэй сайн харилцаатай. Гэхдээ тэр Хятадыг би Америкийг төлөөлж байгаа. Бидний гол ялгаа бол ердөө энэ. Гэхдээ энэ ялгааг хялбархан шийдэх бүрэн боломжтой. Хэрвээ тэр үнэхээр “Их 20”-ийн уулзалтад ирэхгүй бол би үнэхээр гайхах болно.

Ямартай ч би түүнийг хуралд оролцохгүй гэж сонсоогүй. Худалдааны маргаанаас үүдэж төвөгтэй байдалд ороод байгаа хүмүүс бол бизнес эрхлэгчид. Харин хэлэлцээ хийснээр бизнес эрхлэгчдэд ч тодорхой байдал бий болгох юм. 

-Та “Huawei’’-г үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэрэгт буруутгаад байгаа. Үнэхээр “Huawei” манай аюулгүй байдалд заналхийлж байгаа хэрэг үү?

-Миний хувьд “Huawei” манай улсын аюулгүй байдалд заналхийлж байгаа. Худалдааны маргааны хувьд ч “Huawei’’-тай холбоотой ямар нэгэн зүйл хийх нь зүй ёсны хэрэг. Бээжин биднээс дэндүү их зүйл хүсэж байна. Гэхдээ бид ч гэсэн тэрбум тэрбум ам.долларыг зүгээр алдахыг хүсэхгүй шүү дээ. Гэхдээ БНХАУ-д тариф тогтоосныг олон хүн эергээр хүлээж авч байгаа. Сенаторууд ч дэмжиж байгаа. Тэд над дээр ирж, “Сайн байна эрхэм ээ. Энэ үнэхээр үнэ цэнэтэй шийдвэр боллоо” хэмээдэг.

-Та батлан хамгаалах салбарын зардлыг 54 тэрбум ам.доллараас 84 тэрбум ам.доллар болгон нэмсэн. Яагаад ийм шийдвэр гаргахболсон бэ. Манайхдэлхийн хамгийн хүчирхэг армитай орны нэг шүү дээ?

-Би бол төсөв танагч. Боломж л олдвол төсвийг танах арга хэмжээ авахыг оролддог. Гэхдээ батлан хамгаалах салбарт бол төсвийг нь танах бодолгүй байна. Ерөнхийлөгч Буш болон Обамагийн үед бид Ойрхи Дорнодод дайн хийж байсан.

Одоо ч цөөн тооны цэрэг Ойрхи Дорнодод бий. Тийм учраас би батлан хамгаалах салбарын зардлыг бууруулахыг зорьдоггүй. Намайг Цагаан ордны тэргүүн байх үед хэзээ ч батлан хамгаалах салбарын төсөв буурахгүй. Сүүлийн жилүүдэд бид цэргийн техник, технологио сайжруулахад ихээхэн анхаарал хандуулж, дэлхийн хамгийн шилдэг технологиор батлан хамгаалах салбараа хангахаар зорьж байгаа.

-Цагаачлалын асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-“Хууль бус цагаачдыг улсаасаа гаргана. Мексикийн дагуу хана барина” гэсэн хоёр амлалт намайг Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад хамгийн их нөлөөлсөн. Би сонгогчидтой уулзах үедээ хашаа болон цонх хэнд хэрэгтэй вэ гэж асуусан. Тэд “Нөгөө талд маань хэн байгааг харахын тулд” гэж хариулж байсан юм. Үүнтэй яг адилаар хүмүүс өөр өөрийн байх ёстой газраа л байх ёстой. Мөн бид бидний нөгөө талд хэн байгаа вэ гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Тэгэхгүй л бол асуудал үүснэ.

Зураг