Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Жил бүр 50-55 төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гарч, тэмцэх шаардлага бий болсон"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яам бэлгийн замаар дамжих халдварт өвчин, тэр дундаа тэмбүү өвчинтэй тэмцэхээр өнөөдрөөс эхлэн хоёр жилийн хугацаатай үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэх тухайгаа мэдэгдлээ.

Иргэдийн оролцоо маш чухал
 
Гэрэл зургийг Mpa.mn

Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Я.Амаржаргал "Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн сайдын зөвлөл өнөөдөр түүхэн шийдвэр гаргаж байна. Энэ нь Монгол Улсын хүн амын дунд бэлгийн замаар дамжих халдвар тэр дундаа тэмбүү өвчний халдварыг устгах аяныг тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Өнөөдөр бэлгийн замаар дамжих халдвар, тэр дундаа тэмбүү өвчнийг устгах чиглэлээр үйл ажиллагаа явуулах цаг үе болсон байна. Хүн амын дунд ихээр тархаж буй тэмбүү өвчнийг устгахаар "Улаантариа-2" хоёр жилийн хугацаатай үйл ажиллагааг бид зохион байгуулна.

Энэ хүрээнд бид хоёр үндсэн зорилтыг дэвшүүлж байна.

  1. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хяналтыг сайжруулж, төрөлхийн тэмбүүгийн тохиолдлыг буруулах чиглэлийн үйл ажиллагаа явуулах
  2. Хүн амын дундах тэмбүүгийн халдварыг сайтар оношилж, энэ өвчнийг устгах

Тус үйл ажиллагааг эрүүл мэндийн салбар дангаараа хийхгүй. Үүнд салбар дундын үйл ажиллагаа хэрэгтэй бөгөөд ялангуяа иргэдийн оролцоо маш чухал юм" гэлээ.

Монгол хүний удмын санд нөлөөлж мэдэхүйц нөхцөл байдлыг таслан зогсоох хэрэгтэй
 
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Өнөөдөр манай улсад тэмбүү өвчинтэй тэмцэх шаардлага бий болсон. Учир нь одоогоор нийт халдварт өвчний 35-40 хувийг бэлгийн замын халдварт өвчин буюу тэмбүү эзэлдэг. Жил бүр 50-55 төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гарч байна.

1990 оноос өмнө хүн амын 95.5 хувийг тэмбүү өвчнөөс урьдчилсан сэргийлэх үзлэгт оруулж, 87 хувийг нь эмчилж байж. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганд хаалттай хуралдаанд хоёр удаа бэлгийн замаар дамжих халдвар, тэмбүү өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байсан. Одоо ч мөн Ерөнхийлөгч Х.Баттулга энэ чиглэлд анхаарлаа хандуулж байна. Сайдын дэргэдэх зөвлөл, Халдварт өвчин судлалын үндэсний төв болон мэргэжлийн бүх хүмүүс энэ чиглэлийн үйл ажиллагаа төрийн бодлогын түвшинд явах шаардлагатай гэж үзсэн.  

Үндэсний аюулгүй байдлын түвшинд яригдаж буй энэ асуудал олон жилийн турш ярихаас хэтрэлгүй өнөөдрийг хүрсэн. Эрүүл мэндийн яам өнөөдрөөс эхлэн бэлгийн замаар дамжих халдвар, тэр дундаа тэмбүү өвчинтэй дайн зарлаж байна. Хамгийн гол нь монгол хүний удмын санд нөлөөлж мэдэхүйц нөхцөл байдлыг таслан зогсоох хэрэгтэй. 

Харин энэ асуудалд бид хувь хүний нууцлалыг онцгой анхаарч, тухайн хүний нэр төр, ажилд эрсдэл үүсгэхгүйгээр үйл ажиллагааг зохион байгуулна. Манай эрүүл мэндийн салбар халдварт өвчтэй хүмүүсийнхээ мэдээллийг чандлан нууцалдаг. Хувь хүний овог нэр, ажлын газар, гэрийн хаяг нууцлалтай байдаг төдийгүй зөвхөн кодоор хадгалагдаг. Энэ ажилд иргэн бүр оролцож, нийгмээрээ хөдөлж байж халдварт өвчнийг бүрэн устгана" гэв.

 Тэмбүү өвчин бүрэн эдгэрдэг

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Монгол Улсын хэмжээнд бэлгийн замын халдварт өвчин урьд социализмын үетэй харьцуулахад эрс ихэссэн. Энэ нь нийгмийн хүчин зүйл болох ядуурал, архидалт, гэр бүл салалт болоод хувь хүний зан үйлтэй холбоотой. Хувь хүмүүс шинжилгээнд идэвхтэй хамрагдаж, эмчилгээ хийлгээрэй. Хүчжүүлсэн пеницилин долоо хоногийн зайтай гурван удаа хийхэд тэмбүү өвчин бүрэн эдгэрнэ. Эрт илрүүлэх үзлэг маш чухал төдийгүй хүн хүч дайчилсан хамтын чармайлт их байдаг учраас ард иргэд маань хойш сууж, зугтаалгүй үзлэгт хамрагдаарай. Таны эрүүл мэнд таны гарт байгаа" гэлээ. 

Тэмбүү нь хүний бүх эрхтэн, яс, үс, арьс салст, дотор эрхтэн, тэр ч байтугай мэдрэлийн эсийг хүртэл гэмтээдэг нийгмийн хор хөнөөлтэй өвчин ажээ. Манай улс 1990 оноос өмнө тэмбүү өвчинтэй идэвхтэй тэмцэж ирсэн ч зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш олон шалтгааны улмаас өвчлөл дахин нэмэгджээ. Мөн төрөлхийн тэмбүү өвчин жилээс жилд нэмэгдэж, 25-50 тохиолдол тогтмол бүртгэгдсээр байна. Өнгөрсөн онд л гэхэд төрөлхийн тэмбүүгийн 49 тохиолдол бүртгэгдэж, 13 ураг амьгүй төрсөн тохиолдол гарчээ.

Тус өвчний 60 гаруй хувь нь далд хэлбэртэй бөгөөд халдвар авсан хүнд ямар нэг зовиур илэрдэггүй тул эмнэлэгт ханддаггүй аж. Энэ нь тэмбүү өвчний тархалт улам нэмэгдэх нэг шалтгаан болж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.