Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Оростой дайн хийх тухай согтуудаа ярьсан Японы парламентын гишүүнийг огцруулахаар шахна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Японы парламентын гишүүн Маруяама Ходака

Өнөөдөр Японы эрх баригч болон сөрөг хүчний намууд хариуцлагагүй мэдэгдэл хийсэн гишүүнийг огцруулах асуудлаар хамтарсан тогтоолын төслөө тус улсын парламентад өргөн барьжээ.

Маргааш уг тогтоолыг хэлэлцэж, дэмжвэл сөрөг хүчний намын гишүүн 35 настай Маруяама Ходака өөрийн хүсэлтээр огцрох эсэх талаар эцсийн шийдвэрээ парламентад хэлэх ёстой болно.

Нэг үгээр хэлбэл уг тогтоол нь Маруяамаг шууд огцруулах чадамжгүй ч өөрөөр нь шийдвэр гаргуулах шахалт болох юм.

Маруяама өнгөрсөн сард Оросын захиргаанд байдаг маргаантай дөрвөн арлын нэгд зочлохдоо тус аралд оршин суудаг байсан Японы иргэдээс “Арлуудаа буцааж авахаар дайн хийх хувилбар байж болох уу?” хэмээн асууж байжээ.

Энэ үед тэр нэлээд согтсон байсан гэнэ. Гэрчүүдийн мэдээлснээр Маруяама тавдугаар сарын 11-ний өдөр Кунашири аралд амьдардаг орос айлд зочлохдоо 10 аяга коньяк ууж, ихээр согтсон байжээ.

Тэрээр энэ үеэр дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө уг аралд амьдарч байсан Японы иргэдийн төлөөлөлтэй уулзахдаа дайн хийх боломжийн талаар асууж байсан гэнэ. Дараа нь Маруяама зочид буудал руу явах замдаа “хүүхэнтэй баар олж өгөхийг шаардаж байсан” тухай гэрчүүд мэдүүлжээ.

Хариуцлагагүй мэдэгдлийнх нь дараа түүнийг сөрөг хүчний Японы Инновацийн Намаас хөөсөн байна. Гэхдээ Маруяама өөрөө парламентын гишүүнээс огцрох бодолгүй байгаагаа мэдэгдэж байв.

Японы ерөнхий сайд Абэ Шинзо түүний хэлсэн үгийг “засгийн газрын бодлогын эсрэг санаа” гээд арлын оршин суугч асан Японы иргэдийн сэтгэлд сэвтэй зүйл ярьсныг нь шүүмжилж байв. Гэхдээ тэр Маруяамаг огцруулах тухай асуултад хариулахаас татгалзаж байжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд Японы захиргаанд байсан дөрвөн арлыг Зөвлөлтийн цэрэг хууль бусаар эзэлж авсан гэж Токиогийн засгийн газар үздэг. Өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа газар нутгийн маргаан Орос, Япон улсуудын хооронд энхийн гэрээ байгуулахад саад болдог юм.

Дайнаас өмнө эдгээр арлуудад амьдарч байсан Японы иргэдийг визгүйгээр төрөлх нутагт нь зорчуулах боломжийг олгохоор Москва, Токиогийн талууд саяхан тохирсон байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд Маруяама өнгөрсөн сард Кунашири аралд зочлох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж байжээ.

 

Эх сурвалж: Kyodo News