Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Тяньаньмэний хядлагыг нийгмийн “вакцинжуулалт” байсан гэж Хятадын төв хэвлэл мэдээллээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр бол 1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилсан өөрчлөлтийг шаардсан иргэдийг зэвсгийн хүчээр нухчин дарсны 30 жилийн ойн өдөр юм.

1989 оны зургаадугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Хятадын арми талбайд цугларсан олон зуун тэмцэгчийн амийг хөнөөснөөр сар хагас орчим хугацаанд үргэлжилсэн тэмцэл өндөрлөж байжээ.

Даваа гарагт Хятадын Коммунист Намын дуу хоолой Глобал Таймс сонин Тяньаньмэний хэрэг явдлын тухай редакцийн нийтлэл гаргасан байна.

Уг нийтлэлд 1989 онд Бээжингийн төвд цус урсгасан явдлыг улс орноо ирээдүйн тогтворгүй байдал, үймээн самуунаас урьдчилан сэргийлсэн “вакцинжуулалт” байсан гэж тайлбарлажээ.

Улс дотрох маргаан зөрчлийг нэг мөр арилгаж, Хятадын ард түмнийг ирээдүйн хөгжил цэцэглэлт рүү чиглүүлсэн алхам гэж мөн тодорхойлсон байна.

“Уг хэрэг явдлын дараа Хятад улс амжилттай хөгжиж, хүн ардынхаа амьдралын түвшнийг хурдтай сайжруулж, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон болсон. Маргаан зөрчлөөс зайлсхийх бодлого нь эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн түлхүүр болсон юм” гэж бичжээ.

Хятадын эрх баригчид Тяньаньмэний хядлагыг иргэдийнээ ой санамжаас арчихын тулд бүх арга хэмжээг авдаг. Тухайлбал Глобал Таймсын өчигдрийн нийтлэл нь тус сонины англи хувилбарт зөвхөн гарсан бөгөөд мандарин хэлний хувилбараас хасагдсан байна.

Өнгөрсөн Ням гарагт Сингапурт болсон Шангри-Лагийн яриа хэлэлцээр чуулганд оролцохдоо Хятадын батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ уг түүхэн үйл явдлыг “улс төрийн тогтворгүй байдлаас сэргийлсэн зөв алхам байсан” хэмээн мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: CNN