Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп конгрессийн зөвшөөрөлгүйгээр Арабын орнуудад $8 тэрбумын зэвсэг нийлүүлэх шийдвэр гаргалаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсуудад зэвсэг нийлүүлэх нийт $8 тэрбумын дүнтэй 22 гэрээг батлах шийдвэр гаргажээ.

Тэрээр Ираны зүгээс Америкийн үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж буй шалтгаанаар эдгээр гэрээг конгрессоос зөвшөөрөл авалгүй баталсан нь маргаан үүсгэж байна.

Гадаад улс орнуудад зэвсэг нийлүүлэх гэрээг конгресс хянаж, зөвшөөрөл өгдөг уламжлалыг Трамп ийнхүү эвдсэн юм. АНУ-ын зэвсгийн хяналтын хуулинд зааснаар ерөнхийлөгч үндэсний хэмжээний онц байдлын үед конгрессоор дамжилгүй шийдвэр гаргах эрхтэй байдаг. Тэгвэл хуулийн энэ цоорхойг Трамп ашиглажээ.

Конгрессийн холбогдох гишүүд Трампын шийдвэрт харамсаж, цаашид буруу жишиг тогтохоос болгоомжилж байгаагаа илэрхийлсэн байна. 

Нью Жерсигээс сонгогдсон Ардчилсан Намын сенатор Боб Менендез “Трампын засаг захиргаа манай урт хугацааны үндэсний ашиг сонирхол, хүний эрхийн асуудлыг хойш тавьж, Саудын Араб зэрэг дарангуйлагч дэглэмтэй улс оронд ашигтай алхам хийж байгаад нь би харамсаж байгаа ч бас гайхахгүй байна” гэж мэдэгджээ.

Тэрээр гадаад оронд зэвсэг нийлүүлэх асуудлыг хянах үүрэгтэй конгрессийн гадаад бодлогын байнгын хорооны гишүүдийн нэг юм. 

Тус байнгын хорооны дарга, Бүгд Найрамдах Намын сенатор Жим Риш гэрээг батлах болсон тухай мэдэгдэл бичгээр хүлээж авснаа хэлсэн байна.

“Би одоо ерөнхийлөгчийн энэхүү алхмыг зөвтгөх хуулийн үндэслэлийг нягтлан шалгаж байна” гэж Жим Риш мэдэгджээ.

Саяхан конгресс Саудын Араб тэргүүтэй орнуудын Йеменд хийж буй дайнд АНУ-ын зүгээс үзүүлдэг дэмжлэгийг зогсоох хууль санаачилсанд Дональд Трамп хориг тавьсан юм. Олон арван мянган хүний амь үрэгдэж, олон сая хүнийг өлсгөлөнд автуулаад байгаа уг дайныг НҮБ дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн гамшиг гэж нэрлээд байна.

Харин Трампын засаг захиргаа Саудын Арабтай тулалдаж байгаа Йемений Хути босогчдыг өөрийн дайсан Ираны холбоотнууд хэмээн үзэж, тэдний эсрэг дайнд дэмжлэг үзүүлсээр байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters