Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

ӨДӨРЛӨГ: Европын холбооны улсууд руу аялах боломж, Шенгений виз хэрхэн авах талаар зөвлөгөө өгнө

Т.Саран, iKon.mn
2019 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Европын Холбоо болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрийн хүрээнд 5 дугаар сарын 26-ны Ням гарагт буюу маргааш Д.Сүхбаатарын талбайд “Европын нээлттэй өдөрлөг - #EUdayMongolia" ийг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газраас анх удаа зохион байгуулах гэж байна.

Өдөрлөг 10:00-18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр Европын Холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцах, үндэсний хоол, амттанаар дайлуулж, урлагийн тоглолт үзэх өргөн боломжийг иргэдэд олгох юм байна.

Мөн Европын холбооны санхүүжилттээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулна. Түүнчлэн Европын холбооны гишүүн улсууд руу аялах боломж, Шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл өгөх аж.

Энэ талаар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа өгсөн ярилцлагадаа, “Өдөрлөгт ирсэн иргэд Европын Холбооны татвар төлөгчдийн мөнгийг яагаад Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүдэд зарцуулж байгаа талаар илүү сайн ойлголт авах боломжтой юм. Бид энэхүү өдөрлөгөөр европ болон монгол хүмүүсийн харилцааг илүү ойртуулна гэж найдаж байна” хэмээсэн юм.

“Европын нээлттэй өдөрлөг"-ийн товч хөтөлбөр

10:00 Өдөрлөгийн үйл ажиллагаа эхэлнэ. 

11:00 Албан ёсны нээлт 

12:00 ЕХ гишүүн орнуудын элчин сайд, төлөөлөгчид өдөрлөгтэй танилцаж, ЕХ-ны Монгол дахь төлөөлөгчид хэвлэл мэдээлэлтэй уулзана. 

13:00 Урлагийн тоглолт хөтөлбөрүүд эхэлнэ

13:10 Хувцас загварын үзүүлбэр

13:50 -17:00 Урлагийн тоглолт үргэлжилнэ 

18:00 Үйл ажиллагаа өндөрлөнө.